Бүтээлч залуу багшийг шалгаруулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-09 14:51:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗХ-ноос “Бүтээлч залуу багш” шалгаруулах ёслолыг дөрөв дэх удаагаа Багш хөгжлийн ордонд энэ сарын 10-нд зохион байгуулна.

Өмнөх жилүүдэд зөвхөн салбартаа тэргүүлэгч залуу багш нарыг шалгаруулдаг байсан бол энэ жил Бүтээлч залуу багш”-ийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлж, залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлогтой.

МЗХ-ноос ажил мэргэжилдээ эзэн болсон хөдөлмөрч, бүтээлч залуучуудыг дэмжих зорилгоор бүтээлч залуучуудын 339 холбоог байгуулан ажиллаж буй. Эдгээр холбоог төлөөлж МСҮТ, коллежийн  ЗЗ, Их дээд сургуулиудын ЗЗ, ЕБС-иудын ЗЗ холбоотой хамтран энэхүү ёслолыг зохион байгуулах юм.

Энэ үеэр хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын бүх дүүргийн ЕБС-иуд, МСҮТ, коллеж, их дээд сургуулиудын 45 хүртэлх насны залуу багш нарыг хамруулж, нийт 35 залуу багшийг шилдэг багшаар, түүнээс гурван багшийг шилдгийн шилдгээр шалгаруулж, “Бүтээлч залуу багш” цомоор шагнана.

Мөн хүндэт зочноор, салбартаа тэргүүлэгч гавьяат багш нар, эрдэмтэд илтгэл тавина. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, дэмжигч байгууллагаар БСШУСЯ, БХИ, Мөнхийн үсэг ХХК,  Соёмбо академи хамтран ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ