ТХААГ-ыг Шадар сайдын дэргэд байгуулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-15 13:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийв. 


Тогтоолын төсөлд Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ) байгуулах асуудлыг тусгаад буй юм. Тодруулбал, “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны долоодугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан. Энэ нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан хэмээн Засгийн газар үзжээ. Яам, агентлаг болон төрийн бусад байгууллага салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал өсөх, цаг хугацаа алдах сөрөг үр дагавар гарч байгааг тогтоолын төслийн үзэл баримтлалд дурджээ. Төрийн худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор дээрх газрыг дахин байгуулахаар төлөвлөсөн байна.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ТХААГ-ыг Ерөнхий сайдын дэргэд бус, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх ёстой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. Тогтоолын төслийг УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ