Хятадын Төв банк цаашид мөнгөний тогтвортой бодлогыг хэрэгжүүлнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
batbold.sh@montsame.gov.mn
2019-10-22 15:51:07
@ShoovdorBatbold

Бээжин /МОНЦАМЭ/. “Хятадын Ардын банк цаашид мөнгөний тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийг чанартай хөгжүүлэхэд шаардагдах мөнгө, санхүүгийн таатай орчныг бий болгоно” хэмээн БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч И Ган хэлсэн талаар тус банкны албан ёсны цахим хуудаст 19-ний өдөр мэдээлжээ.

Хятадын Ардын банкны ерөнхийлөгч И Ган болон дэд ерөнхийлөгч Чөнь Юүй Лү нар АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан Их-20 орнуудын Сангийн яам, Төв банкны удирдлагуудын хуралд оролцсон байна.

Тус хурлаар дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн бүтэц, өөрчлөлт болон валютын тогтвортой ханш, олон улсын татварын асуудал зэргийг хэлэлцжээ. 

Хурлын үеэр И Ган хэлэхдээ “Хэдийгээр олон саад бэрхшээлтэй тулгарч байгаа ч Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой байна. Эдийн засгийн бүтэц тасралтгүйгээр сайжирсаар байна. Хятадын Ардын банк мөнгөний тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, зээлийн хүүг зах зээлийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, зээлийг тогтвортой нэмэгдүүлэх, зээлийн хүүг зах зээлийн доод түвшинд байлгахаар ажиллаж байна. Юанийн ханшийг тогтвортой барьж байна. Мөн зарим жижиг дунд банкуудын эрсдэлийг яаралтай, цаг алдалгүй шийдвэрлэж байна. Хятадын Ардын банк цаашид мөнгөний тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийг чанартай хөгжүүлэхэд шаардагдах мөнгө, санхүүгийн таатай орчныг бий болгоно” гэсэн байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ