С.Лавров:Монголын өрийг шийдсэн нь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж өгсөн
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 12-нд Москва хотно ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол, Япон, Хятадын мэдээллийн агентлагуудын болон БНХАУ-ын "CCTV" телевизийн сурвалжлагч нарт ярилцлага өгөв.
Уулзалт Москва хотноо Орос улсын Гадаад хэргийн яамны байранд ойролцоогоор нэг цаг үргэлжиллээ. Москва дахь манай сурвалжлагч А. Огторгуймаагийн бэлтгэж ирүүлсэн ярилцлагын товчийг толилуулья.
-МОНЦАМЭ: Монгол, Оросын харилцааны өнөөгийн байдлыг та хэрхэн үнэлж байна вэ, цаашид хоёр улсын харилцан хамтын ажиллагааг ямар чиглэлээр өргөжүүлэх нь зүйтэй гэж та үзэж байна вэ?
-С.В.Лавров: ОХУ, Монгол Улстай эртний сайн анд нөхрийн харилцаатай. Ямар ч хэтрүүлэггүйгээр, энэ бол стратегийн харилцаа юм. Зөвхөн улс хооронд төдийгүй, хүмүүс хооронд батжин тогтсон нөхөрлөлөө бид ямагт нандигнадаг.
Одоогоор хоёр улсын хооронд дээд түвшинд яриа хэлцээ байнга өрнөж, парламент, яамд болон байгууллагууд хоорондоо нягт хэлхээ холбоотой болжээ. Энэ нь бидний харилцааны илүү ойр дотно бөгөөд ашигтай уялдаа юм.
Үр дүнгээр аваад үзвэл, 2012 оныг хүртэл ажиглагдаж байсан бараа эргэлтийн өсөлт удааширч, улмаар буурсан. Энэ бүхэн дэлхий дахины байдал, валютын ханшийн хэлбэлзлийн нөлөө юм. Үүнийг цаг зуурын үзэгдэл гэдэгт би итгэлтэй байна. Бараа эргэлтээ тогтвортой өсөлтийн голдрилд эргүүлэн оруулах маш их боломж бидэнд бий. Энэ оны эхээр ОХУ-д төлөх Монгол Улсын өрийг зохицуулах тухай ОХУ-ын болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай хууль хүчин төгөлдөр болж, манайд төлөх Монголын өрийг бүхэлд нь шийдсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны нэмэлт боломжийг нээж өгч байна. Бид үүнийг ашиглана гэж итгэж байна.
-МОНЦАМЭ:Шинэ “Торгоны зам” /”Талын зам”/-ын талаар их ярих болсон. Энэхүү чиглэлд Монгол, Орос хоёр улс хамтдаа юу бүтээж чадах бол? Тээврийн урсгалын энэхүү зорилтыг хөгжүүлэх нь өнөөдөр нэн чухал гэж та үзэж байна уу?
-Орос, Хятад, Монголын удирдагчдын гурван талын уулзалтын үеэр БНХАУ-ын “Торгоны зам” санаачилгыг хэлэлцлээ.Үүнийг ЗХУ задарсны дараах орон зайд нэгдэх зүтгүүр болсон Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын “Торгоны зам” эдийн засгийн бүсийн төсөл болон Монголын санал болгосон “Талын зам” төсөл гэсэн манай геополитикийн нэгдсэн орон зайд өрнөж буй янз бүрийн үйл явцтай харилцан уялдуулан хэлэлцэв. Гурван Ерөнхийлөгч нэг бус удаа уулзсан бөгөөд уулзалт бүрээс хэрэгжүүлэх шийдвэр гардаг. Орос-Монгол-Хятад гэсэн тээвэр-эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой энэ гурван төслийг уялдуулах чиг шугамыг тэд зарчмын хувьд сайшаажээ.Энэ нь эдийн засгийн хувьд их ирээдүйтэй, гурван улсад ашигтай болохыг бүгд аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Улс хоорондын тээвэр болон бараа эргэлтийг нэмэгдүүлж, гурван улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тус дөхөм болох юм. Монгол Улстай улс төрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэхгүй байж болохгүй. Бид НҮБ-ын хүрээнд нягт хамтран ажилладаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад байгууллагад бидний дэвшүүлэн тавьсан олон санал санаачилгыг дэмждэгт Орос улс Монгол улсад талархдаг. Өөрийн зүгээс бид Монгол Улсыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх хүсэлтээ илэрхийлэхэд дэмжсэн. Олон улсын энэ байгууллагын хүрээнд явуулах үйл ажиллагааг нягт хамтран зохицуулна гэж найдаж байна.
-МОНЦАМЭ:Манай хоёр орны өмнө геополитикийн ямар үндсэн сорилтууд тулгарна гэж Та үзэж байна вэ?
- Монгол Улстай харьцуулахад газар зүйн байршлаасаа үүдээд геополитикийн илүү их сорилт ОХУ-д тулгардаг. Харин танай улсын хувьд та нарын ярьдагчлан Орос болон Хятад гэсэн хоёр их хөрш байна. Сүүлийн жилүүдэд Орос, Хятад болон Монголын удирдагчдын гурван талын уулзалтын механизм бий болсон нь их чухал юм. Практик асуудлуудыг шийдэхийн тулд мөн ийм яриа хэлэлцээ бусад түвшинд болж байна. Миний бодлоор, геополитикийн сорилтууд нь сорилт болон аюул заналхийлэл гэж нэрлэдэг болсон терроризм, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бусад хэлбэр, экологи, тогтвортой хөгжлийн бусад хэлбэрүүд гээд бүх улсад ижил болжээ. Төрийн тогтвортой хөгжлийг хангах асуудлыг би нэмж нэрлэмээр байна. Тухайн улс Үндсэн хуульдаа заасны дагуу, улс төрийн бүх хүчнийхээ оролцоотойгоор дотоод бүх асуудлаа шийддэг, хэн нэгэн хөндлөнгөөс дотоод асуудалд оролцохыг зөвшөөрдөггүй шүү дээ. Харамсалтай нь, ийм оролдлого олон улсын практикаас ул үндсээрээ арилаагүй байна. Танай агуу хоёр хөрш болсон ОХУ болон Хятад улс /Хятад нөхдийнхөө нэрийн өмнөөс хэлэхээс эмээхгүй байна/ дотоодын хөгжих үйл явцад хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогоос найрсаг Монгол Улсыг хамгаалахын тулд бүхнийг хийнэ.
NHK: Япон Улсад хийх Таны айлчлал дээд хэмжээний цуврал айлчлал, тухайлбал, Японы Ерөнхий сайд С.Абэгийн Орост хийх айлчлал болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Японд хийхээр төлөвлөж буй айлчлалын эхлэл болно. Гэтэл Орос, Япон хоорондоо санал зөрөлдөөнтэй байна. Жишээ нь, энэ оны нэгдүгээр сард хийсэн хэвлэлийн хурал дээр Та, Орос улс найрамдлын гэрээгээр нутаг дэвсгэрийн асуудлыг шийднэ гэж үзэхгүй байна гэж хэлсэн. Найрамдлын гэрээ байгуулахыг нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэхээс ялгаж салгаж болохгүй гэсэн байр суурийг Японы тал баримталж байгаа. Орос, Японы удирдагчдын байр суурь өөр буй нөхцөлд найрамдлын гэрээний талаар улс төрийн яриа хэлцээ хийх боломж байна уу?
С.В.Лавров: Орос-Японы харилцааг бид өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэдэг. Оросын Ерөнхийлөгч В.В.Путин, Японы Ерөнхйи сайд С.Абэ тогтмол болдог уулзалтын үеэр хамтын ажиллагаагаа бүх чиглэлээр хөгжүүлэхээр тохиролцдог. Бид ч Япон шиг ийм том, хүчтэй улсыг олон улсын үйл хэрэгт жинтэй байр суурь эзэлж, дуу хоолойгоо илүү тод томруун гаргаж, Японы ард түмний эрх ашгийг тусгаж байхыг мэдээжийн хэрэг хүсдэг.
Найрамдлын гэрээний талаар гэвэл, би үнэхээр найрамдлын гэрээг Японд нэрлэдгээр “хойд нутгийн” асуудлыг найрамдлын гэрээний асуудалтай шууд холбоогүй гэж хэлсэн. Бид ажил хэрэг нэгт нөхөдтэйгөө ярьж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Японы Ерөнхий сайд С.Абэгийн даалгавраар орлогч сайд нарын түвшинд энэ асуудлаар яриа хэлцээний тусгай шугам нээсэн. Яриа хэлцээ хангалттай тогтмол болж байгаа.
Найрамдлын гэрээний сэдвийг ямар нэг нутаг дэвсгэрийн асуудалтай хутгаж болохгүй. 1956 онд хоёр тал гарын үсэг зурж баталсан Хамтарсан тунхаг бичигт талууд бие биеэсээ ямар нэг нэхэмжлэл нэхэхгүй байхаар заасан байдаг бөгөөд ойрын хугацааны зорилт бол найрамдлын гэрээ байгуулах юм. Найрамдлын гэрээ байгуулах тухай хэлэлцээгээр нутаг дэвсгэрийн асуудлыг хөндөхгүй.
Киодо Цусин: Сүүлийн жилүүдэд Арктикт болон Курилын арлуудад Оросын цэргийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Эдгээр бүс нутагт Орост заналхийлсэн ямар аюул болон хүчин байна вэ? Энэ хандлага Умард тэнгисийн замыг эзэмшихээ идэвхжүүлж байгаатай холбоотой юу? Курилын арлууд Оросын хувьд стратегийн шинэ ач холбогдолтой байна гэж үзэж болох уу?
С.В.Лавров: Өнөөдөр Арктик буюу Умард мөсөн далайг аж ахуйн үүднээс улам бүр анхаарал татаж байна. Энэ бүс нутгийг яриа хэлцээ, хамтын ажиллагааны нутаг дэвсгэр болгохыг бид хүсч байна. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шугамаар жил тутам зохион байгуулдаг бага хурлаа ингэж нэрлэсэн байгаа. Сонирхсон хэнийг ч бид урьж байна. Тэрчлэн уур амьсгал өөрчлөгдөж байгаа нөхцөлд Умард тэнгисийн замаар зорчих хөлөг онгоцны хөдөлгөөн эрс идэвхжих төлөвтэй байгаа. Хэтдээ энэ чиглэл Европ, Азийн хооронд транзит ачаа тээвэрлэх их ашигтай зам болно гэж бодож байна.
Курилын арлуудын талаар гэвэл, энэ нь ОХУ-ын дорнод зах хязгаар. Оросын энэ нутаг дэвсгэрийг цогцоор нь, юуны түрүүнд, тэнд аж төрж байгаа Оросын иргэдийн хэрэгцээг харгалзан үзэж, нийгэм-эдийн засгийн талаар хөгжүүлэхэд бид онцгой анхаарах болно.
Хилийн нутаг дэвсгэрийн талаар ярихад цэргийн дэд бүтцээ бэхжүүлэх арга хэмжээг төлөвлөх нь аль ч улсын хувьд байх ёстой зүйл юм. Манай алс дорнодын хязгаар учир бид аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэ зорилтод бид шаардлагатай бүх анхаарлыг тавих болно.
ССTV: Сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгисийн эргэн тойрон, Солонгосын хойг, Ойрхи Дорнодын байдал түгшүүртэй байна. Орос болон Хятад эдгээр асуудлаарх байр сууриа хэрхэн зохицуулах вэ? Бүс нутгийн болон олон улсын ийм асуудлыг шийдэхэд Орос, Хятадын хамтын ажиллагаа ямар үүрэг гүйцэтгэх вэ? Ирэх 7 хоногт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Орост айлчилна. Энэ айлчлалаас Та юу хүлээж байна вэ?
-С.В.Лавров: Ирэх 7 хоногт Москвад Орос-Энэтхэг-Хятадын сайд нарын уулзалт болно. Энэ “гурвал”-ын уулзалт БРИКС-ийг байгуулахад түлхэц болсон.
Бид санал хураалтаар НҮБ-ыг хагалан бутаргах ямар нэг төсөл хэрэгжүүлэхийг хүсээгүй. Энэ гурван талын уулзалттай холбоотой. Ийм уулзалт болох гэж байгаа учир БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хоёр талын уулзалт хийх гэж байна.
Манай Зүүн Хойд Азийн хямралын талаар гэвэл, Солонгосын хойгийн байдал биднийг их түгшээж байна. Байдлыг намжааж, нэгийг нөгөөтэй нь сөргөлдүүлэхгүй байх бүхнийг хийх хэрэгтэй юм. Хятадын адил бид Умард Солонгосын цөмийн амбицыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ Умард Солонгосын цөмийн болон сансрын энхийн зорилгыг бид хүлээн зөвшөөрдөг. Харин цөмийн зэвсэгтэй болох, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг зөвхөн Орос, Хятад, төдийгүй, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний бүх оролцогч хүлээн зөвшөөрөхгүй. Тийм асуудалтай тэмцэх хэрэгтэй.
Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд оролцогч талууд хүч хэрэглэхгүй байх, улс төр-дипломатын аргаар асуудлыг үргэлжлүүлэн шийдэх зарчмыг баримтлах ёстой. Хэлэлцээнд хөндлөнгөөс ямар нэг байдлаар оролцох, энэ асуудлыг олон улсжуулахаа зогсоох хэрэгтэй. НҮБ-ын Далай тэнгисийн 1982 оны конвенци болон бусад баримт бичгийг үндэс болгон бид БНХАУ болон Зүүн-Өмнөд Азийн улсын Холбооны гишүүн орнуудыг идэвхтэй дэмжиж байгаа.
Киодо Цусин/нэмэлт асуулт/: Удахгүй Японд хийх Таны айлчлал дээд хэмжээний харилцаа, тухайлбал, Оросын Ерөнхийлөгчийн айлчлалд бэлтгэхэд чухал алхам болно. Харамсалтай нь, Орос, Японы хооронд хориг арга хэмжээний дэглэм байсаар байна. Энэ арга хэмжээг цуцлах эсвэл зөөлрүүлэх ямар боломж байна вэ?
С.В.Лавров: Хориг арга хэмжээ бол бидний асуудал биш. Япон Улс Америкчууд болон Европчуудын тогтоосон зарим хориг арга хэмжээнд нэгдэхээр шийдсэн талаар би Японы Гадаад хэргийг сайдаас сонссон. Япон анд нөхдөөсөө ямар нэг тайлбар өгөхийг би хүсээгүй, өөрсдөө л тайлбар өгсөн байгаа.
Харамсалтай нь, Япон гадаад бодлогын ажиллагааны хувьд бүрэн бие даагаагүй цорын ганц улс биш гэдгийг бид сайн ойлгож байна. Япон шиг том гүрэн илүү бие даасан болохыг хүсч байна. Дээд хэмжээний уулзалт бэлтгэх явцад бид энэ асуудлыг огт хөндөхгүй байгаа, харин Японы тал хориг арга хэмжээг зогсоохыг хүсч байгаа ч, Өрнөдийн орнуудтай эв санаа нэгтэй байдаг учир хараахан хориг арга хэмжээнээс татгалзаж болохгүй байгаагаа өөрсдөө тайлбарладаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг бүгд дагаж мөрдөх ёстойгоос бус, ярьж тохиролцсоноосоо гадна хориг арга хэмжээ авах нь үнэндээ ёс суртахуунгүй хэрэг гэж би үзэж байна. ОХУ-д НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс ямар ч хориг арга хэмжээ аваагүй, авах ч боломжгүй.
Киодо Цусин: Энэ асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Японд хийх айлчлалд нөлөөлөх болов уу?
С.В.Лавров: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Японд хийх айлчлалд юу ч саад болохгүй. Аль эрт өгсөн урилгаа тодорхой өдөртэй болгоход л айлчлал болох юм.
Үүний сацуу Японы Ерөнхий сайд С.Абэ ОХУ-д айлчлах хүсэлтээ илэрхийлсэн. Бид тэр дор нь тодорхой хугацааг санал болгосон байгаа. Хамгийн ойрын хугацаанд энэ айлчлал болно гэж би ойлгож байна.
Орос, Японы дээд хэмжээний уулзалтыг сайшаахгүй байгаа гэсэн Вашингтоны мэдэгдлийг бид сонссон. АНУ-ын Төрийн департаментын эсвэл Цагаан ордны албан ёсны төлөөлөгч, “ганц удаа айлчлахад айх юмгүй” гэж саяхан хэлсэн. Энэ бол бүдүүлэг байдал. Японы тал үүнийг ойлгож, тэвчишгүй байдал гэж үзнэ гэж бодож байна.
Манайд Өрнөдийн олон түншүүд ирж, Оросын Ерөнхийлөгч В.В.Путин Европын нэлээд хэдэн орноор айлчилсан. Оросын Ерөнхийлөгч В.В.Путиныг Японы тал хэзээ хүлээж авах боломжтой болохоос бүх зүйл шалтгаална.
Киодо Цусин: Та 1956 оны 10 дугаар сарын 19-ний Хамтарсан тунхаг бичгийн талаар дурслаа. Энэ баримт бичгээс гадна хэд хэдэн баримт бичиг байдаг. Жишээ нь ОХУ-ын Ерөнхилөгч болон Японы Ерөнхий сайдын “Найрамдлын гэрээний асуудлаар цаашид үргэлжлүүлэх хэлэлцээний тухай” 2001 онд Эрхүү хотноо В.В.Путин болон Е.Мори гарын үсэг зурсан мэдэгдэл байдаг. Энэ баримт бичиг хэлэлцээ хийх үндэслэл болох уу?
С.В.Лавров: Энэ мэдэгдэлд, бүх дөрвөн арлын харъяалал гээд бусад бүх асуудлыг шийдэхийн тулд яриа хэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай байдаг. Үүнээс бид татгалзаагүй. 1956 оны 10 дугаар сарын 19-ний тунхаг бичиг нь зөвхөн гарын үсэг зурсан төдийгүй, уг асуудлаар хоёр улсын хооронд баталсан цорын ганц баримт бичиг юм шүү.
Бэлтгэсэн А.Огторгуймаа. Москва хот.