Евразийн тээврийн сүлжээн дэх Монголын оролцоог хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-25 11:23:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д жил бүр зохион байгуулдаг олон улсын “Транспортная Неделя-2019” буюу “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалт өнгөрсөн баасан гарагт өндөрлөв.

Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд оролцлоо. Тэрээр чуулга уулзалтын “Тээвэр-Евразийн интеграцчиллын үндэс” сэдэвт нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ, “Ази, Европыг холбосон хамгийн дөт авто болон төмөр зам нь Монгол Улсаар дамжин өнгөрөх зам болох”-ыг онцлов.


Тэрээр хэлэхдээ, “ОХУ, БНХАУ болон Ази, Европын худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс өөрийн газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн хооронд хийгдэх болон бүс нутаг, Евразийн хооронд хийгдэж буй тээвэрлэлтийг өөрийн улсаар дамжин өнгөрүүлэх, бүс нутгийн тээвэр ложистикийн системд идэвхтэй холбогдон хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.


Түүнчлэн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, ОХУ-ын санаачилсан “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгуудыг харилцан уялдаатай хөгжүүлж, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлоод Монгол Улс Евразийн тээврийн сүлжээний салшгүй нэгэн хэсэг байж, идэвхтэй, итгэлтэй, санаачилгатай түнш байх болно хэмээн тэмдэглэн хэллээ.


ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

“Тээврийн долоо хоног-2019” олон улсын чуулга уулзалтын хүрээнд тээврийн салбарын тоон систем, цахим шилжилт, Евразийн бүс нутгийн авто болон төмөр зам, автотээвэр, усан замын болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар салбар хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Холбоотой мэдээ