Альберт Эйнштейний онолыг туршилтаар нягтална

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2016-04-27 15:16:29

ПАРИС. /VOA/. Саяхан хөөргөсөн Францын хиймэл дагуул алдарт физикч Альберт Эйнштейний үндсэн онолыг шалгана. Хэрвээ энэ онол буруу гэдэг нь нотлогдвол физикийн  шинжлэх ухааны үндэс суурь нэлэнхүйдээ нуран унах юм.

Даваа гарагт хөөргөсөн “Микроскоп” гэдэг хиймэл дагуул ашиглан хийх туршилтаар "вакуум орчинд байгаа бүх биет ижил хурдтайгаар унадаг" гэсэн Эйнштейний харьцангуйн онолд суурилсан ойлголтыг нягтлах ажээ.

Дээрх ойлголтыг өмнө нь нягтлан шалгаж байсан хэдий ч Францын сансрын агентлагийн мэдэгдэж байгаагаар энэ удаагийн туршилт нь өмнөх туршилтуудаас илүү нарийвчлалтай байх аж. Өөр өөр жинтэй хоёр биетийн байдал төрх нь вакуум орчинд яг адилхан байна гэсэн ойлголтыг энэ туршилтаар нарийвчлан судална.

Титан болон цагаан алт-родийн хайлшаар хийсэн хоёр цилиндрийг хиймэл дагуулд байрлуулсан бөгөөд тэдгээрийг хөдөлгөөнгүй байдалд байлгана. Хэрвээ хоёр цилиндрийг хөдөлгөөнгүй байлгахад ижил хэмжээний хүч зарцуулагдаж байвал уг ойлголт батлагдана. Харин  хүчний хэмжээ өөр өөр байвал Эйнштейний онол няцаагдаж, физикийн үндсэн  суурь ойлголтыг дахин нягтлахад хүрэх юм.

Францын сансрын агентлаг туршилт хэзээ дуусах талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ