Аймгийн Онцгой комиссын хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-11 14:18:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын 10 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон гуравдугаар сарын 10-ны өдөр зах, худалдааны төвүүдэд үүссэн нөхцөл байдал, хот хоорондын хүнс, тэжээл тээвэрлэлт, амны хаалтны үнийн хөөрөгдөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Мөн хуралдаанаар аймгийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан юм. Тус аймагт ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажлын хэсгийн гишүүдээс авсан "Ковид-19" халдварын шинжилгээний хариу сөрөг гарсан таатай мэдээллийг өгсөн.  Тухайн иргэдийг цаашид ажиглан тусгаарлах аж.

"Ковид-19" халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотой аймаг орон нутагт үүссэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн мэдээлэл, судалгааг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар танилцуулж, хэлэлцлээ.

Зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох мах, гурил, цагаан будаа, төмс хүнсний ногооны хомсдолд /тухайн өдрийн нөөц/ орсон. Үүнийг дахин давтагдуулахгүй байх тал дээр энэ сарын 11-нд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Дархан захад мах нийлүүлэгч болон жижиг худалдаа эрхлэгч нартай уулзан, санал бодлыг нь сонсож Онцгой комиссын хуралд танилцууллаа.

Гол асуудал нь иргэд хий хоосон айдаст автсан, хүнсээ нөөцлөх асуудал хэдхэн цагийн дотор эрчимтэй өрнөснөөс үүдэн махны үнэ өсөх нөхцөл байдал бага зэрэг хүндэрсэн аж. Тиймээс онцгой байдлын үед зах, худалдааны төвүүд, дэлгүүрийг тодорхой /зах, худалдааны төв 18.00 цаг, дэлгүүр 20.00 цаг/ цагийн хуваарийн дагуу тогтмол ажиллуулж байгаа учраас хүнсний хомсдолд орохгүй, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг дахин сануулахыг үүрэг болголоо. Түүнчлэн бөөний худалдаа нийлүүлэгчид махны үнийг тогтвортой байлгаж чадвал жижиг худалдаа эрхлэгчид үнэ барих боломжтой гэдгээ мэдэгджээ. Хэрэв үнийг зохиомлоор нэмсэн үед зохих хууль журмын дагуу хариуцлага тооцохоор болов. Цаашид үнийн хөөрөгдөл үүсч хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орох нөхцөл үүсвэл аймгийн зүгээс үнийн дээд хязгаарыг түр хугацаанд тогтоох боломжтой гэлээ.

Авто тээврийн тухайд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн үргэлжлэх аж. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг тасалдуулахгүйн тул шаардлагатай бичиг баримт, зохих журмын дагуу үзлэг хийж чөлөөтэй нэвтрүүлж байгаа гэлээ. Түүнчлэн Булган, Хөвсгөл зэрэг аймагт цас их орсон, малын өвс, тэжээлийн хомсдол үүсч тус аймгуудын удирдлагуудаас малын тэжээл, өвс худалдан авч байгаа, тээвэрлэлт хийж буй автомашиныг зохих шаардлагад нийцүүлэн саадгүй нэвтрүүлж байхыг хүссэнийг дэмжлээ.

Төмс, хүнсний ногооны тухайд зургаан сарын нөөцтэй байгаа тул Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг нээж өгөх, тээврлэлтийн зөвшөөрлийг Цагдаагийн газраас олгож байхаар болсон.

Барааны зах хаах талаар одоогоор яригдаагүй бөгөөд хэвийн үйл ажиллагаатай байгаа. Харин барааны захын худалдаа эрхлэгчид түр хугацаанд хаах шийдвэр гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг Дархан сумын удирдлагуудад тавьсан аж. Үүнийг шууд шийдэх боломжгүй дараагийн Онцгой комиссын хуралдаанаар шаардлагатай гэвэл хэлэлцэж шийдвэр гаргана гэж Дархан сумын Засаг дарга, аймгийн Онцгой комиссын гишүүн Б. Азжаргал мэдэгдлээ.

Хүн бүр амны хаалт хэрэглэх зөвлөмжийн дагуу эмийн сангуудад худалдаалж буй амны хаалтад үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх шаардлага хүргүүлсэн. Харин өчигдрийн байдлаар "Энхийн тун" ХХК-ийн эмийн санд нэг удаагийн амны хаалт 2000 төгрөгөөр худалдаалж байсан нь баримтаар нотлогдсон аж. Тиймээс тус байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах санал оруулсан ч эхний удаад зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авахаар боллоо. Тус эмийн сангийн тухайд нэг удаагийн амны хаалтыг 1500 төгрөгөөр иргэнээс худалдан авч НӨАТ, ашиг тооцон 2000 төгрөгөөр худалдаалсан нь ийм байдалд хүргэжээ. Хувь иргэн нь ОХУ-аас оруулж ирээд Улаанбаатар хотод худалдаалах байсан боловч зам хаагдсанд 1000 ширхэг амны хаалтыг 1500 төгрөгөөр зарсан аж. Тиймээс дахин энэ үйлдлийг давтахгүй байхыг анхааруулан торгох арга хэмжээ оногдуулав.

Хуралдааны төгсгөлд өдөр бүр 13.00 цагаас онлайнаар мэдээлэл өгдөг байсныг өөрчлөн долоо хоногт хоёр удаа буюу мягмар, пүрэв гарагт цаг үеийн мэдээллийг нэгтгэн хүргэж байхаар боллоо. 

Холбоотой мэдээ