Монголын шигшээ багийн тамирчид Истанбулаас лхагва гарагт ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-16 13:14:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ багаас “Токио 2020” олимпын эрхийн тэмцээнд оролцсон боксын 22, чөлөөт бөхийн 6, хүндийн өргөлтийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Турк улсын Истанбул хотноо хөл хорионд орсон бөгөөд тэд эх орноосоо ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээж байна.


Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Тусгай үүргийн онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөхөөр төлөвлөжээ.


Дашрамд дуулгахад, Йорданы нийслэл Амман хотноо /2020.03.03-13/ болсон Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг хүчээ сорин хүрэл медаль хүртэж, Токиогийн олимпын эрхээ албан ёсоор авсан юм.

Холбоотой мэдээ