Иргэдийн зээлийн өрийн үлдэгдлийн 40.4 хувийг ипотекийн зээл эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-14 11:19:04
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 200.9 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоос 315.4 (1.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.4 хувийг иргэдийн зээл эзэлж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.  


Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 40.4 хувийг ипотекийн зээл, 26.6 хувийг цалингийн зээл, 14.7 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 11.6 хувийг хэрэглээний зээл, 1.1 хувийг тэтгэврийн зээл, 5.6 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 75.2 хувийг арилжааны банкуудаас олгосон зээл байна.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын эцэст 14.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 311.9 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 519.7 (3.5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр буурсан байна.


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 120.0 (11.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 236.6 (25.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр өсжээ.  


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 3 дугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.1 (0.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 32.3 (1.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй байна.

Холбоотой мэдээ