Эцгээс өвлөсөн эртний уламжлалт тариалан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-10 20:00:07

Булган /МОМНЦАМЭ/ Булганхангай нутгийнхны онцлог нэгэн хүнс нь Булган аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон бог будаа. Хэдэн үеэрээ тарьж, ургуулж, боловсруулан хүнсэндээ хэрэглэж байгаа Баясгалангийн Батсайхантай уулзлаа. Түүний аав бог будааг сумынхаа хэмжээнд тариалж хүнсний хэрэгцээг хангах, зах зээлд гаргах санаачилга гаргаж, сумын анхны шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртэж байжээ. Тэрээр эцгийнхээ уламжлалыг өвлөн 20 гаруй жил бог будааны тариалан эрхэлж байна.

Жилд нэг га газар бог будаа тариалдаг юм байна.

-Бог будааны тариалан эрхлэх ажил уламжлалт гар аргаар хийдэг учир бага газар тариалдаг. Жилд 25 орчим кг үрээр тариалалт хийдэг гэж Б.Батсайхан ярилаа. Одоохондоо бог будаа хурааж авах, боловсруулах арга технологид тохирсон техник байхгүй учраас хавар үрээ гараар цацан тариалж, намар гар хадуураар хурааж авдаг аж. Нэг жил техникээр буюу комбайнаар хурааж цайруулж авч үзжээ. Ургацын хувьд авдаг хэмжээний будаагаа хураасан аж. Гэтэл боловсруулалтын шатанд гэмтсэн будаа их гарч стандарт хангасан буюу бүтэн будаа өмнөх авч байсан хэмжээнээс гурав дахин багассан гэнэ. Техникээр хураасан будаа няцрах, халцрах зэрэг гэмтэл их авдаг учир чанаж боловсруулахад хэлбэрээ алдан гологдол гарах шалтгаан болдог аж. Тиймээс Батсайхан уламжлалт гар аргаар бог будаагаа тарьж, боловсруулахыг илүү эрхэмлэдэг.

Жилдээ 10-аад тонн будаа хурааж боловсруулан дөрвөн тонн орчим хүнсний бог будаа үйлдвэрлэдэг байна. Бог будааг хурааж аваад дэлгэн үхэр, адуу, трактороор гишгүүлэн цайруулж, наранд ээж хатаан, салхиар иш, лайг нь хийсгэн ялгадаг аж. Хурааж авсан хар үрээ чанаж хууран, уур нүдүүрээр хальсалж хүнсэнд шууд хэрэглэх болсон бог будаа гаргаж авдаг. Үрийн чанарт анхаарч тариалах үрийн сонголтоо өөрөө шинжиж ихэнхдээ нутгийн хар буюу бог будаа тариалдаг байна. Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээнлэнгийн үр авч үрийн шинэчлэл хийжээ. Мөн ОХУ-аас мариновский гэдэг үр авч туршсан ч цаг уурт тохирохгүй болц нь оройтох талдаа байсан гэнэ.

Бог будаа боловсруулах бүх ажиллагааг гар аргаар нар салхинд хийдэг учир жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог. Сүүлийн үед хэрэглэгчид нэмэгдэж захиалгаа дийлэхгүй шахам боллоо. Бог будааг уураг, илчлэг сайтай бас чихрийн шижин өвчний үед хэрэглэх нь зохистой байна гэдэг. Тиймээс будааныхаа савлагаа, стандартад илүү анхаарах шаардлага нийгмийн хариуцлагын хүрээнд тулгарч байгаагаа бог будааны тариалан эрхлэгчид ярьдаг.

Эднийхэн бог будааг нэг болон 0,5 кг-аар савлаж зах зээлд гаргаж байна. Мөн сүүлийн үед бог будаагаа 40 граммаар савлаж дээр нь 20 грамм ааруул хийж пакетлан “Ааруултай бог будаа”  борлуулж байна.

- Манайх өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд бог будааны тариалан эрхэлж байна. Бог будааныхаа үр шимээр оюутны сургалтын төлбөрийг төлөөд өрх бүлийнхээ хэрэгцээнээс гадна иргэдээ эрүүл хүнсээр хангаж байна гэж Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн иргэн Б.Батсайхан ярилаа.

Нарны илч шингэж, хээрийн салхинд ариуссан бог будааг жинхэнэ хөдөлмөрч хүмүүс уйгагүй ажиллаж үйлдвэрлэж байна. 

Холбоотой мэдээ