Ч.Хишигсүрэн:Сувилагч мэргэжил хамгийн үнэ цэнтэй ч, залуус цалин бага учир ажиллахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-13 09:54:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Сувилагч хэмээх буянтай мэргэжлээрээ 30 жил тасралтгүй ажиллаж яваа эрхэм бүсгүйн амьдрал үйлстэй цөөхөн хором танилцаж хөөрөлдлөө.

-Танд Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэе. Олон түмнийхээ эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээ зориулсан сувилагч мэргэжилдээ 30 жил үнэнчээр зүтгэжээ. Бас л багагүй хугацаа шүү. Яагаад сувилагч мэргэжлийг сонгох болов. Дурсамжаа хөглөөч?

-Намайг Чойдорын Хишигсүрэн гэдэг. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ахлах сувилагчаар ажиллаж байна. Мэргэжлийн Ахлах зэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 30 жил ажилласнаас хүүхдийн тасагт 28 жил ажилласан байна. Хүүхэд байх үеэсээ л эмнэлгийн ажилтан болохыг мөрөөддөг байлаа. Сургуулиа төгсөх жил манай ээж хүндээр өвдөж зарим үед хүн гуйж ээждээ тариа хийлгэдэг байв. Тухайн үед миний ээж надад тариа хийхийг зааж өгч, би хийж сурч байв. Тариа хийсний дараа ээж минь намайг “Их зөөлөн гартай юм байна. Миний охин сувилагч болох нь” гэж урам өгч билээ. Чухамдаа тэр үеэс л сувилагч болох бодол, мөрөөдөлтэй болсон юм. Мэргэжил бүр л сайхан. Өөр өөрийн гэсэн давуу тал онцлог шинжүүдтэй. Тэр олон сайхан мэргэжлэээс онцолж сонгосон мэргэжил минь сувилагч болохоор би энэ мэргэжилдээ хайртай.

-Тийм дээ. Мэргэжил бүхэн өөр өөрийн онцлогтой. Таны мэргэжлийн онцлог. Тэр дундаа хүүхдийн сувилагч гэдэг мэргэжил ур чадвар нэлээд шаарддаг болов уу. Шантрах үе гарч байв уу. Мэдээж хүнд хэцүү зүйл тулгарч л байсан болов уу?

-Сувилагч гэдэг хариуцлагатай нарийн мэргэжил. Хувь хүний, гэр бүлийн, нийгмийн болон хүн амын эрүүл мэндэд анхаарал тавьж, эрүүл байхыг дэмжиж, өвчин болон гэмтлээс урьдчилан сэргийлж ажилладгаараа онцлогтой. Сувилагч мэргэжил хэдийгээр үнэ цэнтэй байсан ч төгсөөд ирсэн хүүхдүүд цалин мөнгө бага учир мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь бид нарт ачаалалтай байдаг. Бас энэ сайхан мэргэжлийг сонгож сурчихаад сэтгэлээсээ дурлаж ажиллаасай гэсэн бодол тээж явдаг. Нойр, хоолгүй явахаас авахуулаад олон хэцүү зүйлийг бидний мэргэжил шаардаж байдаг. Бид хүнд, хортой нөхцөлд ажилладаг нь үнэн. Тухайн өвчтнөөс гарах ялгадас, биологийн элдэв төрлийн сөрөг нөлөөлөл гээд хэцүү шүү дээ. Би сувилагч мэргэжилдээ дуртай учраас энэ олон жил шантралгүй ажиллаж байна. Хэчнээн ачаалалтай ажилладаг ч, маш хүнд хүүхэд ирсэн ч, маргааш нь ажилдаа ирэхэд биеийн байдал сайжирсан байхыг хараад маш их эрч хүч, энерги авч ажиллах урам зориг авдаг.

-Сувилагч хүний хамгийн эрхэмлэж явах зүйл юу бол. Мэргэжлийнхээ хамгийн сайхан зүйлийг онцлооч?

-Сувилагчийн мэдлэг, ур чадвар чухлаас гадна уян зөөлөн сэтгэл, харьцаа, хандлага гэдэг бол үнэхээр чухал зүйл. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх хамгийн их ариун, хүнлэг үйлстэн бол сувилагч мэргэжил гэж бардам хэлнэ.
Өвчинд шаналсан бяцхан үрс маань эдгэрч
, илааршин инээмсэглэж байгааг харах, танд маш их баярлаж явдаг шүү гэж эцэг, эх, хүүхдүүд маань хэлэх үгийг сонсох хамгийн сайхан.

Хүүхэд хэмээх ариухан сайхан ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, болцойсон божгор бор гар, үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ.

-Та ажилласан хугацааныхаа ихэнхийг хүүхдэд зориулсан гэсэн. Ажлынхаа амжилт, үзүүлэлтээс сонирхуулаач?

-Анх шинэхэн сувилагч би хүүхдийн тасагт ажилд ороод судас хатгаж чадахгүй байхад минь эрчимт эмчилгээний сувилагч Б.Эрдэнэчимэг “Хүүхдийн судсыг яаж хатгах” арга техникийг зааж сургаж өгсөн. Энэ цагаас хойш Сэлэнгэ аймгийнхаа хүүхдийн эрүүл мэндийн төлөө 30 жил тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тасаг хамт олноороо хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах талаар хүч хөдөлмөрөө зориулан, нялхсын эндэгдлийг сүүлийн жилүүдэд улс, аймгийн дунджаас доогуур түвшинд хүргэн ажиллаж 38 мянган хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн хүүхдэд ногдох эмчилгээний зардлыг жил бүр хэмнэж, аймагтаа анх удаа хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилгоор “Яаралтай тусламжийн баг“ санаачлан байгуулсан. Ингэснээр 4758 хүүхдэд сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан байгаа.

-Та бүхний бахархах давуу чанар юу вэ?

-Хүнийг хөгшин, залуу, баян, ядуу, яс үндэс, ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхахгүй чин сэтгэлээсээ, хүнлэг энэрэнгүй хандах нь сувилагч бидний мөн чанар юм даа.

-Мэдээж хүн бүхэн мэргэжлээрээ бахархдаг. Таны бахархах зүйл юу байх бол?

-Надад бахархах зүйл олон бий. Сэлэнгэ аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаагаараа. Монгол Улсын гурван удаагийн аварга сувилахуйн хамт олноороо. Мөн хүүхдийн тасгийнхаа эмч нар, мэргэжил нэгт сувилагч нараараа үргэлж бахархдаг. Ажил амьдралын гараагаа эхлүүлсэн энэ сайхан нутагтаа амьдралын ханьтайгаа учирч, гурван хөөрхөн хүүхдийн ээж, аав болсноороо үргэлж бахархаж явдаг. Энэ ялдамд миний ар талыг дааж, ажлаа хийх нөхцөл бололцоогоор бүрэн хангаж байдаг ханьдаа баярлаж явдгаа илэрхийлье. Ар тал найдвартай болохоор би ажлаа сэтгэл тайван хийж, байгууллагын аваргаар хоёр удаа, “Алтан гартай сувилагч”, “Ажил мэргэжлийн аварга”, “Шилдэг зохион байгуулагч”, “Байгууллагын урлаг, спортын аварга”-аар тус тус тодорч байснаараа мөн бахархдаг. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн байна гэдэг хамгийн нарийн мэдрэмжтэй болгодог. Хүмүүний биеийг олж төрсөн тэргүүн заяаг авч явахын учир нь эрүүл байж, урт удаан наслах явдал шүү дээ. Тиймээс ч өвчин эмгэг туссан нэгнийг энэрэн асарч, зөвлөж, эмчилж, басхүү өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ач буянтай хүн бол сувилагч бид.

-Мэдээж олон жил ажилласан хүнд зөвлөн тусалсан хийгээд гарын шавь байгаа л биздээ. Өөрийг тань олон сувилагчийг мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд тусалсан ачтан гэж дуулсан?

-Надад гарын 17 шавь бий. Бүгд л салбартаа манлайлагч болж, түүчээлэн явааг харахад бахдалтай байдаг. “Хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлээр, ёс зүйтэй ажиллаж байж, энэ сайн мэргэжилдээ эзэн болж, төлөвшинө гэсэн үг. Олон жил ажиллаад ирэхээр аяндаа сэтгэл зүйчийн дайтай, хүний харц, хоолойн өнгөөр шинжиж, тохирсон аясаар харьцах чадвартай зөвлөгч, сургагч, сэтгэл зүйч болдог юм байна.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ