Хувийн сургуулиудын эчнээ, оройн ангийн төгсөлтийн үйл ажиллагааг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2020-06-03 15:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дээд боловсролын сургалтын байгууллагуудын эчнээ ангийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаанд НМХГ-аас хийсэн шалгалтын дүнг танилцуулав.


Нийслэл дэх төрийн бус өмчийн 32 их, дээд сургуулийг хамруулан 2019-2020 оны хичээлийн жилийн эчнээ, орой ангийн сургалтын хаврын төгсөлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.


Энэхүү шалгалтаар “Багш, урлагийн боловсрол” мэргэжил хөтөлбөрт өдрийн сургалт зохион байгуулах зөвшөөрөлтэй байхад орой, эчнээ ангийн сургалтыг нэг жил зохион байгуулсан, зарим мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан суралцах хугацааг баримтлаагүй, “багш, сургуулийн өмнөх боловсрол”, “багш, бага ангийн боловсрол” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд ерөнхий суурь хичээлүүдийг судлахаар бүрэн тусгаагүй, статистикийн мэдээг үнэн зөв өгөөгүй зэрэг зөрчил илэрчээ.


Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар 6 их, дээд сургуульд улсын байцаагчийн 21 заалт бүхий таван албан шаардлага өгсөн байна. Харин 10 их, дээд сургуульд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг бүрэн барагдуулжээ.


Мөн нэг дээд сургуулийн “Хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” зөрчилд прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ