“Xiao Mi” групп Шэньжэн хотод олон улсын төвөө байгуулна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-26 17:32:41

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын гар утасны томоохон үйлдвэрлэгч компани “Xiao Mi” групп олон улсын төвөө Шэньжэн хотод байгуулахаар болсноо зарласан бөгөөд энэ төсөлд нийтдээ 7.76 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

              “Xiao Mi” группийн ерөнхийлөгч Вансян хэлэхдээ “2020-2024 оны хугацаанд тус группийн үйл ажиллагааны орлого нийтдээ 51 тэрбумд юаньд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүнээс орон нутгийн санхүүгийн үүсвэр 600 сая юань байхаар байна. “Xiao Mi” группийн олон улсын төв богино хугацаанд суурь судалгаа, техникийн судалгааны ажлыг хийж, улмаар шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг технологийн үйлчилгээний салбарт нэвтрүүлэх нь чухал” гэжээ.

            Шэньжэн хотын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн газрын дарга Жя Шиндун хэлэхдээ, “Энэ нь “Шэньжэнь 2019 дэлхийн хөрөнгө оруулалтын хурал”-ын үеэр гарын үсэг зурсан 128 төслийн нэг нь юм” гэв.

            Статистик мэдээллээс харахад, 2019 оны байдлаар Шэньжэн хотын дижитал эдийн засгийн салбарын цар хүрээ 2.78 их наяд юаньд хүрсэн нь Хятад улсдаа нэгд орох үзүүлэлт байсан байна. Мөн ирэх гурван жилийн хугацаанд жилд дунджаар 15 орчим хувийн өсөлттэй байхаар тооцвол 2022 он гэхэд дижитал эдийн засгийн өсөлтийн хэмжээ нь 242.8 тэрбум юань болох аж.

            Одоогоор Шэньжэн хотод дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжид багтдаг компаниудаас 290 нь салбараа нээгээд байна.    

Холбоотой мэдээ