БНХАУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд 3.2 хувиар өсчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-16 12:40:39

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадад коронавирусний нөхцөл байдал харьцангуй сайжирсантай холбоотойгоор үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж, хоёрдугаар улиралд тус улсын ДНБ таамаглалаас дээгүүр буюу 3.2 хувиар өссөн дүнтэй гарчээ.


Хятадын Үндэсний статистикийн газраас өнөөдөр өглөө мэдээлэхдээ, урьдчилсан тооцооллоор тус улсын ДНБ оны эхний хагас жилд өнгөрсөн оныхоос 1.6 хувиар буурна гэсэн байна. Энэ оны хоёрдугаар улирлыг өмнөх улиралтай харьцуулахад ДНБ 11.5 хувиар өсчээ.


Ройтерс агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр оны хоёрдугаар улиралд хятадын эдийн засаг 2.5 хувиар, Блүүмберг агентлагийн дүн шинжилгээгээр 2.4 хувиар өснө гэж таамаглаж байжээ. Энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг 6.8 хувиар агшсан нь тус улс албан ёсоор ДНБ-ий мэдээллийг зарладаг болсон үе буюу 1992 оноос хойш  анх удаа буурсан үзүүлэлт байсан юм.


Харин хоёрдугаар улиралд Хятад улсын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт дүн өмнөх оныхоос 0.2 хувиар буурсан байна. Оны нэгдүгээр улиралд 6.5 хувиар буурч байсан бөгөөд 6 дугаар сард 5.1 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ