Бүх сургуулийн танхимын сургалт 20 хүүхэдтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-29 14:59:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх бөгөөд нэг анги танхимд 20-оос дээшгүй хүүхэдтэй хичээллэх зохицуулалтыг Засгийн газраас баталсан тухай БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр мэдээлэв.


Шинэ коронавирусний цар тахлын үед хичээл сургалтыг явуулах олон улсын туршлага болоод Монгол Улсын онцлогт тулгуурлан тодорхой хугацаагаар танхимын хичээлийг эхлүүлэх ажлын багийн боловсруулсан төлөвлөгөөг Засгийн газарт өнөөдөр танилцуулж батлуулжээ. Тодруулбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 5-наас эхлүүлэх юм. Энэ нь зөвхөн танхимын сургалт бөгөөд бүх шатны сургууль, цэцэрлэгийн сургалт есдүгээр сарны 1-нээс теле болон цахим хэлбэрээр хосолж эхлэх юм байна.


ЭМЯ болон ХӨСҮТ-ийн гаргасан тооцоо судалгаанд үндэслэж нэг анги танхимд 20 хүүхэд байхаар төлөвлөгөөг боловсруулсан талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "Цар тахлын үед танхимын сургалт явуулах хүнд шийдвэрийг зоригтой гаргаж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид боловсролын салбарын байгууллагатай хамтарч, дэмжиж ажиллах үүргийг давхар хүлээх юм" хэмээв.


Цэцэрлэг өглөөнөөс орой хүртэл хичээллэдэг цагтаа хичээллэх боломжтой. Мөн сум, баг, тосгоны суурь боловсролын сургууль анги дүүргэлтээ хийгээд энгийн горимоор хичээллэх боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Харин нийслэл, аймаг, дүүргийн ачаалалтай сургуулийн хувьд, анги дүүргэлттэй холбоотой дараах зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай юм. Тодруулбал, аймгийн төв, нийслэлийн сургуулийн хичээлийг гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле, цахим хэлбэрээр явуулна. Сурагчид өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцож, зарим танхимаар заах хичээлийг цөөлжээ. Монгол хэл, математик, байгалийн ухааны хичээл, ахлах ангийн сонгох хичээлийг заавал танхимд судална. Эхний хоёр сар энэ байдлаар ажиллаж үзээд боломжтой байх юм бол танхимд үзэх хичээлийн тоог бага багаар нэмнэ.


Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулна. Тэгвэл хоёр настай хүүхдийг энэ удаа цэцэрлэгт авахгүй байх болжээ. Учир нь ЭМЯ-наас өгсөн зөвлөмжид, 0-3 насны хүүхэд халдварт өвчнөөр өвдөх эрсдэл хамгийн өндөр байгааг онцолжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд теле хичээл орохоор зохицуулж байгаа юм.


Үүнтэй холбоотойгоор, Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын баг цэцэрлэг, сургуулийг багш, ажилчид болон эцэг эхчүүдэд зориулсан заавар, зөвлөмжийг боловсруулж байгааг тэмдэглэв. Мөн бүх шатны сургалтын байгууллага албан ёсны ариутгалын газраар хичээл эхлэхээс өмнө гурван удаа халдваргүйтгэл хийлгэсэн байх шаардлага тавих аж.  Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдэд халуун хэмжигч, гар ариутгагч, агааржуулах систем зэргийг байрлуулахаар судалж байгааг дурдаад, үүнд шаардлагатай хөрөнгийг Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн гэлээ. Мөн их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэрээс үл хамааран төлбөрийн асуудлыг уян хатан, эцэг эхчүүдэд санхүүгийн хүндрэл учруулахгүй байхаар сар, улирлаар төлдөг байх зохицуулалтыг судалж байгаа гэдгийг дурдлаа.


Хэдийгээр, цар тахлаас урьдчилсан сэргийлж дээрх зохицуулалтыг боловсруулсан ч халдвар нөхцөл байдал сайжирсан үед ЕБС, цэцэрлэгийн сургалтыг хэвийн горимд үе шаттай шилжүүлэх төлөвлөгөөг зэрэг гаргаж байгааг хэллээ. Есдүгээр сарын 1 хүртэл БШУЯ-наас долоо хоног бүр хичээлийн шинэ жилийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж буй талаар мэдээлэл өгнө гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Холбоотой мэдээ