Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-03 11:25:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайланг цахимд шилжүүлэх ажил 90 хувьтай үргэлжилж байна.

ХНХЯ НДШ-ийн тайланг цахимжуулах төслийг боловсруулж, АХБ-ны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн оны 4 дүгээр сараас эхлүүлсэн юм. Одоогоор уг ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард бүрэн дуусах аж. 

Манай улсад Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр ажил олгогч нь НДШ төлөлтийн НД-7, НД-8 тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасаар хүргүүлэн баталгаажуулж ирсэн. 1995-2005 онд давхардсан тоогоор 1.1 сая ажил олгогч,42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас тайланг цаасан хэлбэрээр ирүүлснээр 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байсан юм.

НДШ-ийн тайланг цахимжуулах төслийн хүрээнд 2020-2024 онд даатгуулагч, иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг цахимаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай гаргаж өгөх зэргээр олон төрлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ХНХЯ-наас мэдээллээ. 


Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрдсэнээр иргэд хуурамч лавлагаа авах, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгох боломжгүй болно. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой болох юм.  Үүнээс гадна нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтыг зайнаас, цахимаар хийх, ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын ажлын ачаалал буурах давуу талтай аж.

Холбоотой мэдээ