Прага-Улаанбаатарын тусгай үүргийн онгоц газардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-08-11 09:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прага-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр өглөө 06:05 цагт Улаанбаатарт газардлаа. Монгол Улс, БНЧУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, БНЧУ-ын Засгийн газар, Европын Холбооны санхүүжилтээр хийсэн уг нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 иргэн эх орондоо ирэв.

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдэнд туслах ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яам энэ оны дөрөвдүгээр сард тавьсан. Энэ удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 192-ынх нь нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа юм.

Өмнөх тусгай нислэгүүдээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг эх оронд нь авчирсан бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ туслах ажлыг дээрх байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


Холбоотой мэдээ