Н.Цэдэнбал: Хөлбөмбөг Монголын уламжлалт спортын төрлүүдтэй ижил түвшинд хүрнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС. /FIFA/. Катар улсад 2022 онд болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны тэмцээний анхны гоолыг оруулсан Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Норжмоогийн Цэдэнбалын талаар Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ цахим хуудсанд нийтэлснийг хүргэж байна.
Н.Цэдэнбал хөлбөмбөгийн спортод сэтгэл зүрхээ зориулаагүй байсан бол спортын өөр төрлөөр нэр алдраа
цуурайтуулах байсан байж магадгүй юм. Тэрбээр бага байхдаа бөх барилдаж, сур
харваж, хурдан морь унадаг байв. Эдгээр нь Монголын уламжлалт спортын төрлүүд билээ.
“Монгол
хүн бүр спортын эдгээр төрөлд дуртай. Монгол хүүхдүүд нэг нэгэнтэйгээ барилдаж
өсдөг. Би ч мөн тэдний нэг байлаа” хэмээн өдгөө 31 настай Н.Цэдэнбал
“FIFA.com” цахим хуудсанд ярилцлага өгөх үеэрээ
хэллээ.
Сургуульд байхдаа бөхийн барилдаан, морин уралдааны тэмцээнд түрүүлэн амжилт гаргаж байсан тэрбээр Монгол Улс Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/, Азийн хөлбөмбөгийн холбоонд /AFC/ 1998 онд нэгдэж, улс оронд нь хөлбөмбөгийн спорт хөгжих суурь тавигдаж эхлэх үеэс энэхүү спортыг сонирхож эхэлжээ.
Цэдэнбал маш хурдан хугацаанд ахин дэвшиж, ахлах сургуулийнхаа багт сайн тоглож байжээ. Тэрбээр 2009 онд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны /EAFF/ урьдчилсан шатны тэмцээнд үндэсний шигшээ багаа ахлан оролцжээ. Түүнээс хойш олон улсын тэмцээнд 30 удаа оролцож, долоон гоол оруулсан байна.
Түүхэнд
үлдсэн цохилт
Одоо
Цэдэнбал улсынхаа нэртэй хөлбөмбөгчдийн нэг болж, олон улсын
тэмцээнүүдэд хамгийн олон гоол оруулсан Д.Лүмбэнгаравын ард бичигдэх болжээ. Цэдэнбалын
хувьд хамгийн сэтгэлд хоногшим гурван гоолоо Катарын ДАШТ-ий урьдчилсан шатны
тэмцээний үеэр оруулжээ.
Тайланд
улсад болсон тэмцээний өмнөх бэлтгэлийн сүүлийн өдөр Монголын шигшээ багийн
дасгалжуулагч асан Майкл Вайс Цэдэнбалд багийн ахлагчийн туузыг гардуулжээ. Үүний дараа тэрбээр герман дасгалжуулагчийнхаа
итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр Бруней Дарассаламын эсрэг тоглолтод хоёр чухал
гоолыг оруулж, Монголын баг 3-2 онооны харьцаатайгаар ялалт байгуулснаар тус
улс ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан юм.
Монголын
шигшээ баг эхний шатанд ялалт байгуулахад Цэдэнбал чөлөөт цохилтоос эхний
гоолыг оруулсан бөгөөд эх орондоо болсон тоглолтдоо тэд 2-0 онооны харьцаатайгаар
ялалт байгуулсан билээ. Монгол Улсад “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан
шатны эхний тоглолт болсны зэрэгцээ Цэдэнбал урьдчилсан шатны тэмцээнүүдийн
анхны гоолыг оруулсан тамирчин болов.
Брунейд
болсон тоглолтын хувьд Монголын шигшээ багийн хаалганд эхний хагаст хоёр гоол
орсон боловч дараагийн үе эхэлсэн даруйд Монголын тамирчид торгуулийн цохилт
хийх эрхтэй болж, Цэдэнбал уг боломжийг ашиглан гоол оруулснаар хоёрдугаар
шатанд өрсөлдөх эрхээ авч чадсан байна.
“Манай
шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны эхний үед ялалт байгуулсан нь маш чухал үйл
явдал болсон. Энэ бүхэн Монголын хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ хэмээн бодож байна” гэж Цэдэнбал ярьжээ.
“Үнэнийг
хэлэхэд, бидний ялалт Монголын хөлбөмбөгийг огт өөр түвшинд гаргасан. Монгол хүүхдүүд
Английн “Премьер Лиг” юм уу Испанийн “Ла Лиг”-ийг голчлон үздэг байсан бол
тухайн үеэс бидний тоглолтыг үзэж дэмжих болсон. Хөгжөөн дэмжигчдийн тоо
хурдацтай нэмэгдэж байна” гэж нэмж хэлсэн байна.
Цэдэнбал багийн
ахлагчийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ чөлөөт цохилт хийх өөрийн чадвараа
харуулж, хоёр дахь шатанд учраа таарсан Тажикстаны багийн эсрэг тоглолтод 2-1-ийн
харьцаатайгаар ялагдахад багийнхаа авсан оноог чөлөөт цохилтоос оруулжээ. Ингэснээр
тэрбээр хамгаалагчийн байрлалд тоглодог хэдий ч хамгийн олон оноо авсан тоглогч
болсон байна.
“Би чөлөөт цохилтыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Ийм гоолыг оруулахад сэтгэл хөдлөлөө маш сайн хянах хэрэгтэй байдаг. Чөлөөт цохилтыг хийхэд үргэлж дарамт учирдаг боловч би энэ нөхцөл байдлыг даван туулахын тулд маш их сургуулилалт хийдэг” гэж Дэвид Бекхэмийг шүтэн биширдэг Цэдэнбал хэлжээ.
Клуб ба эх орны
найдвар
Цэдэнбал бол клубийнхээ
хэмжээнд сэтгэл хөдөлгөм амжилтуудыг гаргасан нэгэн. Тэрбээр “Улаанбаатарын Унаганууд”
багаас карьерээ эхлүүлсэн бөгөөд түүгээр ахлуулсан баг 2009 онд Монголын Дээд
лигт аваргалжээ. Үүний дараа тэрбээр “Улаанбаатар Сити” багийн ахлагч болж,
Монголын хөлбөмбөгийн холбооны аварга, Супер цомын тэмцээнд түрүүлсэн байна. Одоогийн
байдлаар Цэдэнбал үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа түрүүлсэн “Хаан
хүнс-Эрчим” багт тоглож байгаа бөгөөд шинэ зорилтууддаа анхаарлаа хандуулж
байгаа ажээ.
“Би ирэх есдүгээр
сард 32 нас хүрнэ. Багаа Дээд лигт түрүүлүүлэхийн төлөө би чадах бүхнээ хийхийг
зорьж байна. Ингэснээр бид ирэх онд болох Азийн хөлбөмбөгийн холбооны тэмцээнд
эх орноо төлөөлөн оролцох боломжтой болно” гэж Цэдэнбал хэлсэн байна.
Монгол Улсын шигшээ
багийн хувьд ДАШТ-ий урьдчилсан шатны гурван тоглолтод оролцох дутуу байгаа
бөгөөд Цэдэнбал олон улсын түвшинд томоохон шинэ амжилтыг гаргана хэмээн найдаж
байгаагаа ярьжээ. “Бид гурван оноотойгоор хэсгийнхээ сүүлийг мушгиж байгаа
боловч эерэг үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна” гэж тэрбээр хэлжээ.
"Монголын хөлбөмбөгт сүүлийн үед томоохон ахиц дэвшил гарсаар байна. Бид бага байхдаа шороо тоостой талбайд тоглодог байсан бол одоо хиймэл зүлэгтэй олон талбай бий болсон. Монголын хөлбөмбөгийн холбоо спортын энэхүү төрлийг сурталчлахын тулд маш сайн ажиллаж байгаагаас гадна сонирхогчдын хүрээ ч тэлсээр байна. Мөн ирээдүйтэй, шинэ залуу үе төрөн гарч байна. Хөлбөмбөг нэг л өдөр Монголын уламжлалт спортын төрлүүдтэй ижил түвшинд хүрнэ гэдэгт итгэж байна” гэж Цэдэнбал онцлон хэлжээ.