Хятадын зарим барааны импортод ногдуулах татварын хөнгөлөлтийн хугацааг сунгалаа

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-02 16:09:50

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар /USTR/ Хятадаас импортолж буй зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хөнгөлөлтийг энэ оныг дуустал сунгаж байгаагаа мягмар гарагт мэдээлэв.

            Үүнд ухаалаг бугуйн цаг, эмнэлгийн зориулалттай амны хаалт зэрэг бараа багтаж байгаа юм. Энгийн үед татварын хөнгөлөлтийн хугацааг бүтэн жилээр сунгадаг бол энэ удаад зөвхөн энэ оныг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

            Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү шийдвэр нь АНУ-д хэлэлцээрийн зарим нэг боломжийг олгож, Хятад улсыг эхний шатны худалдааны хэлэлцээрийн биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлж магадгүй гэжээ.

            Дээрх хөнгөлөлтөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын нэг жилийн өмнө гаргасан 301-р зүйл заалтад багтсан бараа бүтээгдэхүүнүүд хамаарах талаар Ройтерс агентлаг мөн мэдээлжээ.

            Тухайлбал, Apple зэрэг технологийн компаниудын Хятад улсаас импортоор авдаг тоног төхөөрөмжүүд болон эмнэлгийн зориулалттай амны хаалт, амьсгалын аппарат, эмнэлгийн бусад тоног төхөөрөмжүүд багтаж байна.  

            Тухайн үед 125 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий бараа бүтээгдэхүүний татварыг 15 хувь болгосон бөгөөд энэ оны нэгдүгээр сард үзэглэсэн хоёр улсын худалдааны эхний шатны хэлэлцээрээр үүнийг 7.5 хувь болгон бууруулсан.

            Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Худалдааны төлөөлөгч Р.Лайтхайзер, Хятад улсын Шадар сайд Лю Хө нар эхний шатны худалдааны хэлэлцээрийн амлалтыг хангана гэдгээ дахин нотолсон ч, бодит байдал дээр Хятад улсын АНУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсний хэмжээ тохиролцсон зорилтоос хол дутуу явж байгаа юм. Уг тохиролцооны дагуу Хятад улс энэ жил АНУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг 2017 оныхоос 77 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр хэлэлцээрт тусгасан юм.   

           

Холбоотой мэдээ