БНХАУ вакцинаа үндэслэлтэй үнээр түгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-10-01 15:30:31

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ “COVID-19”-ийн вакцинаа шударга, үндэслэлтэй үнээр дэлхий дахинд түгээнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мэдээллээ.


“Дэлхийн олон оронд вакцинуудыг гарган авахаар ажиллаж байна. Тэдгээрийн үнэ ямар байх нь тодорхойгүй байгаа боловч Хятадын хувьд илэрхий юм. Бид вакцинаа дэлхий нийтийн сайн сайхны төлөө шударга, үндэслэлтэй үнээр түгээнэ” гэж тэрбээр мэдэгджээ.


Хятадад гарган авч буй вакцинууд АНУ, Европын орнуудынхаас илүү үнэтэй байна гэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээллийн талаар хэвлэлийн төлөөлөгчөөс лавлахад ийнхүү хариулсан байна. 


Уг мэдээллийг “ор үндэсгүй” хэмээн тодорхойлсон Ван Вэньбинь, “Манай улс вакцинуудаа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, боломжийн үнэтэйгээр нийлүүлэхээ хэдийн амласан. Энэхүү үүрэг амлалтдаа хүрэх болно” гэж мэдэгджээ.


“БНХАУ “COVID-19”-ийн вакциныг гарган авахын тулд цагтай уралдан ажиллаж байгаа бөгөөд бэлэн болсон тохиолдолд дэлхий нийтийн сайн сайхны төлөө түгээнэ. Хөгжиж буй орнуудад хандив, үнэгүй тусламж зэрэг янз бүрийн замаар нийлүүлэхийг эн тэргүүнд тавина” гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ