Халдварын улмаас нас барсан тохиолдлуудын 15 хувийг агаарын бохирдолтой холбожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-28 15:06:37

НЬЮ-ЙОРК. /Cardiovascular Research/. Коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлуудын 15 орчим хувь нь агаарын бохирдолтой холбоотой. Нэн ялангуяа энэ нь Зүүн Ази, Европын орнуудад хамааралтай гэж эрдэмтэд үзэж байна.  


“Хүмүүс бохир агаараар амьсгалах үед бичил тоосонцрууд уушги руу нэвтрэн орж, үрэвсэл үүсгэдэг. Үүний үр дүнд артерийн судасны дотор хана гэмтэж, агшиж, уян хатан чанараа алддаг. Коронавирус мөн ийм замаар хүний бие организмд үүсдэг” хэмээн Германы Иоганн Гутенбергийн нэрэмжит их сургуулийн профессор Томас Мюнцель мэдэгджээ.  


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая орчим хүн нас бардаг байна. Бодит байдал дээр үүнээс ч олон тоо байж магадгүй болохыг судлаачид үгүйсгэдэггүй аж. Ямар төрлийн агаарын бохирдол хүний эрүүл мэнд, гэрийн тэжээвэр амьтанд онцгой аюултай байдаг тал дээр эрдэмтэд хараахан нэг дүгнэлтэд хүрээгүй аж. 

 

Уушгинд өгч буй давхар цохилт

Агаарын бохирдол коронавирусний халдварт өвчний үед хэр хүчтэй нөлөөлж буйг Мюнцель болон түүний багийнхан судалжээ. Ингэхийн тулд тэд дэлхийн томоохон хотуудын агаар дахь аэрозолын тархалтыг харуулсан хиймэл дагуулаас авсан зургуудыг энэ оны эхний хагаст коронавирусээр халдварласны улмаас нас барсан хамгийн олон тохиолдлуудтай харьцуулсан байна.


Тийнхүү судалж үзэхэд коронавирусээр халдварласны улмаас нас барсан тохиолдлуудад агаарын бохирдлын үзүүлсэн нөлөө харьцангуй өндөр байжээ. Тодруулбал, Чех улсад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүмүүсийн 29 орчим хувь нь агаарын бохирдолтой холбоотой байсан бол БНХАУ, Герман, Швейцарь, Бельгид 20-оос 25 хувьтай байжээ. Харин Зүүн, Өмнөд Азийн хотуудад энэ үзүүлэлт илүү өндөр байсан бөгөөд зарим үзүүлэлт 35-40 хувьд хүрсэн байна.


Хамгийн бага үзүүлэлтүүд Шинэ Зеланд, Австрали, Израилд ажиглагджээ. Тэнд нас баралтын 1, 2, 6 хувь нь тус бүр агаарын бохирдолтой холбоотой байсан аж. 

Холбоотой мэдээ