Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-09-28 14:27:58

БЭЭЖИН. /TASS/. Хятадын аж үйлдвэрийн томоохон газруудын ашиг энэ оны эхний найман сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.9 хувиар буурч 3.77 триллион юань /592 тэрбум доллар/ болсон тухай тус улсын Статистикийн газар мэдээлжээ.

Тус байгууллагын тайланд дурдсанаар, наймдугаар сард үйлдвэрүүд 448.11 тэрбум юанийн /70.37 тэрбум/ ашигтай ажилласан нь жилийн дундаж үзүүлэлтээс 8.8 хувиар буурсан үзүүлэлт аж.

“Үнийн бууралт болон хөрөнгө оруулалтын үр өгөөж багассантай холбоотойгоор компаниудын зардал нь борлуулалтын хэмжээнээс давсан, валютын ханшийн зөрүүгийн алдагдал, мөн нефтийн болон автомашин үйлдвэрлэлийн салбарын ашиг буурсан зэрэг шалтгаанаар наймдугаар сарын ашиг буурсан үзүүлэлттэй гарсан” гэж тайланд дурджээ.

Энэ оны эхний найман сарын хугацаанд Хятадын аж үйлдвэрийн 41 салбарын 31-ийнх нь ашиг өссөн бол үлдсэн 10-ынх нь буурсан үзүүлэлттэй гарсан байна. Хөдөө аж ахуй, бөс бараа, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамгийн өндөр ашиг олжээ.

Харин нүүрс олборлох, нефть, хийн, болон металлургийн салбарынхны ашиг их хэмжээгээр буурсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд