Нийслэлийн 8 байгууллагын 102 үйлчилгээг цахимаар хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 13:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэдээлэл технологийн газраас 8 байгууллагын 102 төрлийн үйлчилгээг цахимаар хүргэх ESERVICE порталыг нэвтрүүлжээ.


Иргэд Нийслэлийн Архивын газрын 18 төрлийн лавлагаа, Байгаль орчны газрын дөрвөн төрлийн үйлчилгээ, Хот байгуулалтын газрын зургаа, Гадаадын иргэн харьяатын нэг, Захирагчийн ажлын албаны зургаан багц үйлчилгээг  цахимаар авна.


Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Соёл урлагийн газрын 20, Татварын газрын  42 төрлийн үйлчилгээг цахимаар  авах боломж бүрдүүлжээ.


Түүнээс гадна иргэд,  аж ахуйн нэгжүүд өргөдөл, гомдлыг есөн эх үүсвэрээр дамжуулан цахимаар гаргах боломж бий. Тухайлбал,

НЗДТГ-ын тусгай дугаар 1800-1200

НХМГ-ын тусгай дугаар 70128012

Нийтийн тээврийн газрын тусгай дугаар 70044040

Мессежээр илгээсэн 131200

Засгийн газрын 11-11.mn

ulaanbaatar.mn систем

Check My service аппликэйшн

Smart UB аппликэйшн


Нийслэл Улаанбаатар фэйсбүүк хуудсаар дамжуулан НЗДТГ-ын үйл ажиллагаа, харьяа газар, агентлагтай холбоотой санал  хүсэлт,  өргөдөл, гомдлыг хүлээн авна. Өргөдөл гомдлыг хариуцсан байгууллага, албан хаагчид Дотоод  удирдлагын системээр хуваарилж, хэрхэн шийдвэрлэснээ ESERVICE системээр дамжуулан хүргэх юм. 


Түүнчлэн, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ SMARTCAR системийг нэвтрүүлсэн.  Энэ системийг  ашиглан хэрэглэгчид 14 төрлийн  үйлчилгээг  цахимаар  авна. 


Энэ 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 1,111,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 54 хувь буюу 605,505 нь Улаанбаатар хотынх байв.  Одоогоор Smartcar аппликейшныг 183260 хэрэглэгч гар утсандаа татан ашиглаж байна. 

Холбоотой мэдээ