Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны хурлыг даргалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 16:45:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ НҮБ-н Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны 6 дугаар хурлыг даргаллаа.


НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны 6 дугаар хурал энэ сарын 12-13-нд Тайландын Бангкок хотноо танхим, цахим хосолсон хэлбэрээр болов. 


Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Элчин Сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр биечлэн оролцсон юм.


Хурлаар Азийн бүс нутгийн тээврийн хөгжлийн стратегийн талаар санал солилцож, Ази, Номхон далайн тогтвортой тээврийн сүлжээний үйл ажиллагааны хөтөлбөр (2017-2021), Тогтвортой хөгжлийн зорилт, НҮБ-ын АНДЭЗНК-ын холбогдох шийдвэр зэрэг олон улс, бүс нутгийн тээврийн тогтвортой хөгжлийн бодлогын хэлэлцэв.


Түүнчлэн 2021 онд Бангкок хотноо болох Тээврийн сайд нарын хурлын бэлтгэл ажил, бүс нутгийн 2022-2026 оны үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилт, чиглэлийг ярилцлаа.


Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хурлыг нээж, Элчин сайд А.Төмөр Монгол Улсыг төлөөлөн хурлын үеэр үг хэллээ. Монголын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн тээврийн сүлжээнд оролцох Монгол Улсын оролцоо, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх хамтын ажиллагааны боломж, гишүүн орнуудтай, НҮБ-ын АНДЭЗНК-ын Тээврийн хороотой хамтарч хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны санал, санаачилгын талаар дурдав.


Мөн далайд гарцгүй Монгол орны хувьд дэд бүтэц, тээвэр, худалдаа, боомт хот, чөлөөт худалдааны салбарын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх нь чухлыг онцлоод, энэ чиглэлээр НҮБ-ын АНДЭЗНК-оос хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжин, хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ илэрхийллээ.

Хуралд комиссын 53 гишүүн улсын Тээврийн сайд нар, тээврийн салбарын 200 гаруй төлөөлөгч оролцов.

Холбоотой мэдээ