2800 гаруй өрхийн 271 тонн махыг Улаанбаатар хот руу илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-27 20:52:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хүнсний илгээмж” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн 17 сумын 2800 гаруй өрхийн 271 тонн махыг 31 машинд тээвэрлэн 11 дүгээр сарын 27-ны өдөр нэгдсэн журмаар Улаанбаатар хот руу хөдлөв.


Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорионы үеэр Улаанбаатар хот дахь иргэд, оюутнуудыг хоол хүнсээр хангах, Алтай хотын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг аян өрнөж буй юм.

Энэүү аянд оролцогч жолооч нарт эрүүл мэндийн газраас халдвар хамгаалалтын иж бүрдэл хувцас, ЗДТГ-аас дархлаа дэмжих бүтээгдэхүүний багц олгожээ. Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмын дагуу, ариутгал халдваргүйтгэл болон бусад холбогдох шаардлагад нийцүүлэн “Хүнсний илгээмж” аяныг зохион байгуулж байна. Жолооч нар Улаанбаатар хотод очоод “Барс-2” худалдааны төвд Улсын онцгой комиссоос зөвшөөрөгдсөн цагийн дагуу /22:00-10:00 цагийн хооронд/ түгээлт хийнэ хэмээн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар онцоллоо.


Холбоотой мэдээ