Чили улс Хятадын Sinovac компанийн вакцинаар бүх нийтийг вакцинжуулна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Sinovac компанийн бүтээсэн коронавирусний вакциныг тээвэрлэсэн онгоц өчигдөр буюу 28-ны өдөр Чили улсад очсон байна.
Хятадын Төв телевизийн мэдээлснээр, Чили улсын Ерөнхийлөгч Пинера вакциныг хүлээн авах ажиллагаанд оролцохдоо, “Sinovac компанийн вакцин Чили улсын коронавирустэй хийж буй тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцолсон байна.
Мөн тэрээр 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өргөн цар хүрээтэй вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх болсноо зарлажээ.
Вакциныг хийхдээ иргэдийг насаар нь ангилан хийх дарааллыг тогтоох ба ерөнхийлөгчийн хувьд ирэх сарын хоёр дахь долоо хоногт вакцин хийлгэх боломжтой тухай дурдсан байна.
Тус улсын холбогдох мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, тус улс гадны улсуудаас худалдан авч буй Sinovac болон бусад компаниудын үйлдвэрлэсэн вакцин нь аюулгүй байдал, чанарын хувьд харьцангуй үр дүнтэй ба иргэдийг санаа зоволгүйгээр вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байгаа юм.