Малчны хот, малын бэлчээр дэх хог хаягдлыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Otgontuya@montsame.mn
2016-06-07 22:35:10

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчид өвөлжөө бууц, ойр орчмын бэлчээрээ байгальд уусдаггүй хог хаягдлаас цэвэрлэсэн байна. Малчдын түүсэн хог 20 гаруй тонн болжээ.

Тус сумын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагчид гарын доорх материалаар хогийн сав хийж сумын Засаг даргадаа хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ хоггүй цэвэрч сум болох саналыг хэлжээ. Сурагчдын хийсэн хогийн савыг байгууллагуудад хуваарилж, ойр орчмоо хог  хаягдалгүй байлгах үүргийг өгсөн байна. Улмаар сурагчдын саналаас үүдэн сумын төвийн төдийгүй малчны хот, малын бэлчээрт байгаа байгальд уусдаггүй хог хаягдлыг цэвэрлэх талаар Засаг даргын зөвлөл хэлэлцжээ.

Зөвлөлийн хурлын гаргасан шийдвэрээр малчид багийн иргэдийн нийтийн хуралдаа ирэхдээ хороо бууц болон ойр орчмын бэлчээртээ хаягдсан байгальд уусдаггүй хог хаягдлыг түүж авчрахаар болсон байна. Харин сумын ЗДТГ багийн төвд малчдын дүүрч авчирсан хогийг машинд ачиж, сумын хогийн төвлөрсөн цэгт буулгах үүрэг хүлээжээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн багууд ээлж дараалан иргэдийн нийтийн хурлаа хийж байна. Харин хуралдаа ирж байгаа малчид  хуванцар сав, гялгар уут, архи,пивоны шил зэрэг хог хаягдлыг түүж авчирчээ. Багийн төв рүү явах замдаа ч сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд хог хаягдлыг түүж байгаа бөгөөд тал талын хүчин чармайлтаар 20 гаруй тонн хогийг сумын төвийн хогийн цэгт буулгасан байна.

Одоо хог хаягдлыг ангилж, хоёрдогч түүхий эд болохуйцыг ялгаж, устгахыг нь устгаж цэгцэлнэ гэж сумын ЗДТГ- ын мэргэжилтэн Ш.Энхсүх хэллээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ