Бүртгэл, зөвшөөрөлгүй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын бус, бүртгэл, зөвшөөрөлгүй санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.
Мөн баталгаагүй,
залилах гэмт хэргийн шинж агуулсан
байж болзошгүй аливаа үйл ажиллагаанд өртөж, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээхээс
урьдчилан сэргийлэхийг СЗХ анхааруулав.
Учир нь сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр форекс буюу хэт өндөр эрсдэл бүхий гадаад валютын арилжаанд оролцож, их хэмжээний ашиг олохыг уриалсан, түүнийгээ эрсдэлгүй төсөл нэрээр иргэдээс хөрөнгө татах үйл ажиллагааг зарим этгээд явуулж байж болзошгүй байна.
Тухайлбал, 6 сарын хугацаатай хөрөнгө оруулсан тохиолдолд
хугацааны эцэст мөнгөө 35-40
дахин өсгөж авна гэх зэрэг зар сурталчилгаа бүхий мэдээллийг иргэдэд түгээх
боллоо.
Богино хугацаанд өндөр өгөөж хүртэх амлалт бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь илүү өндөр эрсдэл дагуулж, зарим тохиолдолд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй.
“Олон нийтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гаргах, хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа” нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд хийгддэг. Үнэт цаас, түүнтэй адилтгах нэгж эрх зэрэг санхүүгийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, зөвшөөрөл авсан байхыг Монгол Улсын хууль тогтоомжоор шаарддаг юм.