Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-15 13:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ШӨХТГ “COVID-19" цар тахлын үе дэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг” сэдэвт олон улсын цахим хурлыг зохион байгууллаа. 

Хурлаар цар тахлын үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагын талаар хэрэглэгчийн салбарт ажилладаг бусад орны байгууллагууд болон дотооддоо хамтарч ажиллаж буй байгууллага, ААН-үүдтэй санал солилцон хуваалцаж, хэрэглэгчийн байгууллага нь иргэдийн эрх ашгийн төлөө зөвхөн ажиглагч бус нийгмийг манлайлагч байх гэсэн байр суурийг хөндөж байлаа.

Хуралд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Италийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллага, БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газрын төлөөлөгчид илтгэл тавин оролцож байна. Мөн БНХАУ, БНСУ, Итали, Барбадос, Их Британи, Польш, Бельги зэрэг улсын Хэрэглэгчийн байгууллагын төлөөлөгчид өнөөдрийн үйл ажиллагаанд нэгдлээ. 

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий дахинд 1983 оноос, Монгол Улсад 2008 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Жил бүрийн энэ өдрөөр дэлхийн хэрэглэгчийн байгууллагууд хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын хөгжил дэвшлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, томоохон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.  


Холбоотой мэдээ