“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-04-23 13:30:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов.


Хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангийн тухай ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах, ногдол ашиг хуваарилахгүй шийдвэр танилцуулах, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар хэлэлцэв.


Тус компани өнгөрсөн онд 15,5 сая тн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нэг их наяд 677,1 тэрбум төгрөгийн орлоготой, 149,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, улсын төсөвт 490,1 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ.


Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл, Улаанбаатар хотын утааг багасгах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэсэн аж.


Түүнчлэн, компанийг хөгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулсан бөгөөд иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд компанийн оролцоог нэмэх чиглэлээр “ЭТТ-Бонд”-оор хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, төслийг санхүүжүүлэх санхүүгийн нөөц бүрдүүлж байна.


Цахим хурлыг компанийн www.ett.mn вэб сайт, “1072 Хувьцаа мэдэээллийн төв” фэйсбүүк хуудсаар дамжуулж, УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын  саналын эрх бүхий төлөөлөгчид, хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцлоо.

Холбоотой мэдээ