Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджийг 134 см-ээр давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-30 15:42:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын салбарын хэмжилтийн мэдээгээр Сэлэнгэ мөрний усны түвшин Сүхбаатар сум орчмоор олон жилийн дунджийг 134 см-ээр даван үерийн түвшинд 44 см дөхсөн байгаа аж.

Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхаарууллаа. Мөн аймгийн ОБГ-аас хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих. Цаашлаад гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх. Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих. Түүнчлэн хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх. Мөн гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх. Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй гарч байгаа ажээ.  

Холбоотой мэдээ