Барилга байгууламжид эрчим хүчний гэрчилгээ олгодог болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-08 10:30:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайдын зөвлөлийн хурлаар “Барилга байгууламжид эрчим хүчний гэрчилгээ олгох журам”-ыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн саналаар дэмжлээ.


Энэ журам хэрэгжсэнээр ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй, пассив барилгын үнэлгээний системийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, үнэлэх суурь нөхцөлд бүрдэх аж. Өөрөөр хэлбэл, таны худалдаж авч буй барилга, орон сууц сард хэдий хэр эрчим хүч, дулаан зарцуулж, хэдэн төгрөг төлдгийг мэдэж болно гэсэн үг аж. Мөн барилга байгууламжийн төлөвлөлтийн шатанд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал бага шийдлийг зураг төсөлд тусгах, барилгын дулаан алдагдлыг багасгах шаардлагатай арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэхэд энэ журам чухал нөлөөтэй.


Ингэснээр эрчим хүчний үр ашиг бага, дулааны алдагдал ихтэй хуучин барилгын эрчим хүчний хэрэглээний түвшин тогтоох, шинээр баригдаж буй барилга байгууламжид зураг төслийн шатнаас эрчим хүчний хэрэглээ, үр ашгийн үзүүлэлтийг гаргах боломж бүрдэх, хэрэглэгч, ашиглагчийн сэтгэл ханамжийг нэмнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэх, ногоон барилгын үнэлгээний систем нэвтрүүлэх, ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцоо хөгжих, барилгын ашиглалтын зардал багасаж, эрчим хүч хэмнэснээр хүлэмжийн хийн ялгаруулалт, байгаль орчны бохирдол багасах эерэг нөлөөлөл, давуу тал бий болно гэж салбарын яам мэдээлэв.


Энэ журмыг БХБ-ын сайд, ЭХ-ний сайдын хамтарсан тушаалаар батлан, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.


Барилгын салбар нь манай улсын дулааны эрчим хүчний 56, цахилгаан эрчим хүчний 38 хувийг хэрэглэж, хүлэмжийн хийн ялгарлын (ХХЯ) 30 орчим хувийг бүрдүүлдэг байна.


Нийслэлд 1990 оноос өмнө барьсан, дулаалах шаардлагатай 420 гаруй орон сууцны барилга бий. Эдгээрийн халаалтад жилд 1.1 тэрбум кВт.ц эрчим хүч буюу 20 орчим тэрбум төгрөг зарцуулж, 1190 мянган тн хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Барилгуудыг дулаалснаар халаалтад зарцуулах хөрөнгийн хэмжээ 20-40 хувиар багасгах боломжтой. Одоогоор жилд дунджаар 100-150 Гкал/ц-ийн ачаалал бүхий 200 орчим барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбодог нь дулаан хангамжийн хэрэглээ жилдээ 3-8 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.

 

Холбоотой мэдээ