Хоёр аж ахуйн нэгжид давуу эрх олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-17 11:38:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онон нутгийн өмчийн газар хуульд заасны дагуу орон нутгаас хамгийн их ажиллах хүчин авсан аж ахуйн нэгжид давуу эрх тооцжээ. Энэ дагуу хоёр төсөл арга хэмжээний гүйцэтгэгч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдээс 35 хүнийг ажлын байраар хангахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус аймгийн орон нутгийн аж ахуйн нэгжүүд 310,0 сая төгрөгийн санхжүүжилттэй таван бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэхээр шалгарчээ. Тухайлбал улсын төсвийн 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Хишиг-Өндөр сумын сургуулийн барилгын их засварыг “Өвөлжөөн булаг” ХХК гүйцэтгэхээр болсон байна.

Мөн орон нутгийн төсвийн 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай Булган сумын “Саятан хаалга”-ны засвар, шинэчлэл, орчны тохижилтыг “Булган барилга” ХХК гүйцэтгэхээр шалгарч, байгаль хамгаалах сангийн 20,0-40,0 сая төгрөгийн санхүүжилтээр хийх Булган сумын “Анхдагчдын хаалга”-ны орчимд эко ариун цэврийн байгууламж барих, Тохижилт үйлчилгээний ангид зөөврийн эко ариун цэврийн хэрэгсэл авах тендерт “Хурмастын хүлэг”, “Гурван уулын хишиг” ХХК шалгарсан байна.

Холбоотой мэдээ