Ц.Эрдэнэбаяр: Шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх үүднээс БНХАУ-аас импортоор нэмж авна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-29 16:46:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор манай улс шатахууны нийлүүлэлт, нөөцийг бүрдүүлэх үүднээс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна. Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Яг өнөөдрийн байдлаар шатахууны үнэ юунаас болж, хэдэн төгрөгөөр нэмэгдээд байна вэ?

-Та бүхэн мэдэж байгаа, манай улс 100 хувь импортоор газрын тосны бүх бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Үүнээс нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг ОХУ-аас, тэр дотроо тус улсын "Роснефть" компаниас ихэнх хувийг оруулж ирдэг. Ирэх сарын хилийн үнэ дээр бүх төрлийн бензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлшин дээр 10 ам.доллар болон нэмэгдэн орж ирж байна. Ингэснээр хэрэглээний гол шатахуун АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 695 ам.доллараас 733 ам.доллар болтол нэмэгдэж байна. Үүнийг өртгөөр тооцвол ойролцоогоор 1 литр нь 2000 гаруй төгрөгийн үнэтэй болж байна гэсэн үг. 




Одоогоор дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ 70 гаруй ам.долларын өртөгтэй буюу гадаад зах зээлд түүхий тос болон шатахууны үнэ нэлээд өсөлттэй байна. ОПЕК-ийн гишүүн орнууд хуралдаж өдрийн олборлолтын хэмжээг ойролцоогоор 400 мянган баррелаар нэмэгдүүлэхээр тохиролцож хэсэг хугацаанд үнэ буурсан. Гэвч эргээд тодорхой хэмжээгээр үнэ өсөж байна. Цаашдаа газрын тосны үнэ дэлхийн зах зээлд өсөх хандлагатай байна. 

Гадаад зах зээлийн өсөлт манай жижиглэнгийн борлуулалтын үнэд 100 хувь нөлөөлдөг учир цаашид тодорхой хэмжээгээр үнэ өсөх байх. Одоогоор манай улсад автобензиний өртөг нь литр тутамд 2000 гаруй төгрөг байгаа ч Улаанбаатар хотод 1750 төгрөгөөр борлуулж байна. 




-Засгийн газраас дотооддоо шатахуун импортлогч ААН-үүдтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Гол нь дотооддоо шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх нь чухал. Мөн шатахууны нөөц, чанарыг авч үзэх хэрэгтэй. Төрөөс шатахууны үнийг шууд хянах боломжгүй. Хуулийн заалтын дагуу гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн хэлбэлзлийг харгалзаж хянадаг. Тодруулж хэлбэл, төрөөс хуулийн дагуу тодорхой зохицуулалтыг л хийж явдаг. Бусдаар үнэд оролцдоггүй, хуулийн дагуу олон улсын биржийн үнийг судлах, импортоор орж буй бүтээгдэхүүнийг зөвхөн хянадаг. Үүний дагуу л ажилладаг.

Өнөөдрийн байдлаар шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөцтэй, улсын хэмжээнд автобензиний нөөц хангалттай байгаа. Хөдөө, орон нутагт автобензин тасалдаагүй. Баяр наадам, амралтын өдрүүдэд нийлүүлэлттэй холбоотойгоор орон нутагт тодорхой хэмжээгээр хуваарилж өгсөн явдал гарсан. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн тухай хуулинд 30 хүртэлх хоногийн нөөцийг заавал хадгалж байх ёстой. Онгоцны түлш ойролцоогоор 15 хоног, дизелийн түлш 30 гаруй хоногтой, А-80 бензин 56 хоногийн нөөцтэй, АИ-92 автобензин 26 хоногийн нөөцтэй байна. Одоогоор АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас нэмж импортлохоор бэлтгэж тус улсын төрийн өмчит "Чайна Ойл" компанитай ярилцаж байна. Засгийн газраас шатахууны үнийн өсөлтийг үндсэн гурван чиглэлээр хянасан. Тухайлбал,

  • 2018 оны 1 дүгээр сараас АИ-92 автобензиний Онцгой албан татварыг  тэглэсэн.
  • Олон улсын компанитай гэрээ байгуулж, АИ-92 автобензиний үнийг бууруулах боломжтой болсон.
  • Гадаад зах зээл дээр үнийн өсөж байгаа ч импортлогч ААН-үүдтэй зөвшилцөж үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарч ажилласан.

Өнгөрсөн онд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр буурах үед санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглах, гэрээ байгуулах, 115 мянга орчим тонноор 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд импортлогч компаниудтай гэрээ байгуулж ажилласан. Үүний дүнд 2020 оны 5-7 дугаар сар хүртэл үнэ өсөөгүй, өсгөөгүй. Мөн ААН-үүдтэй зөвшилцөж ажилласан юм. Харин 7 дугаар сараас ийнхүү үнийн өсөж байна. Шатахуун импортлогч компаниудтай харилцан тохиролцож уялдаа холбоотой ажиллана гэв. Ташрамд мэдээлэхэд ОХУ-ын Эрчим хүчний яам автобензин экспортлохыг хориглох талаар шийдвэрлэхдээ олон улсын биржийн ханшийн мэдээлэл, зах зээлийн байдлыг харгалзан үзснийг тус яамны дэд сайд Павел Сорокин мэдэгдээд байна. 



Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ