Гал түймэр унтраах тархалтын дадлага сургууль зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-10-28 16:12:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангиас аравдугаар сарын 27-нд гал түймэр унтраах тархалтын дадлага сургуулийг Есөнбулаг сумын сургуулийн өмнөх боловсролын 11 дүгээр цэцэрлэгтэй хамтран зохион байгууллаа.

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор энэхүү дадлага сургуулийг зохион байгуулсан аж.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандартыг танилцуулжээ. Мөн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг цэцэрлэгийн нийт 46 багш, ажилчдад олгосон тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Говь-Алтай аймагт 2021 он гарсаар Онцгой байдлын газарт гал түймрийн 37 дуудлага ирсэн байна.