Хятад-Африкийн хамтын ажиллагааны талаар Ши Жиньпин юу гэв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-30 09:34:23

БЭЭЖИН. /CGTN/. Сенегалын нийслэл Дакар хотноо Бээжингийн цагаар даваа гаргийн орой болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний 8 дугаар бага хурлын нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин цахимаар холбогдон үг хэлжээ.


Ши Жиньпин Хятад-Африкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлээд “Чин үнэнч нөхөрлөл, эрх тэгш байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, шударга ёс, цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж дэвших, нээлттэй бөгөөд хүртээмжтэй байх зарчмуудыг баримтлах нь Хятад-Африкийн мөнхийн ойр дотно харилцаа, хамтын ажиллагааны гол түлхүүр байх болно” гэжээ.


Африкийн орнуудын гүн гүнзгий найрамдлыг хэзээ ч мартахгүй

Хятад улс Африкийн орнуудын гүн гүнзгий найрамдлыг хэзээ ч мартахгүй гэж Ши Жиньпин хэлжээ.


“Хятад улс НҮБ-ын хууль ёсны гишүүнчлэлийн статусаа сэргээсний 50 жилийн ой энэ онд тохиож байна” гэж Ши Жиньпин хэлээд, хагас зуун жилийн тэртээд Хятад улсыг дэмжсэн Африкийн найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье гэжээ.


Хятад-Африкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг үеийн үед ахиулахын төлөө Африкийн орнуудтай Хятад улс илүү нягт хамтран ажиллах болно гэж тэрбээр хэлсэн байна.


Олон улсын харилцааны шинэ хэлбэрийн “тод үлгэр жишээ”

Хятад улс болон Африк нь олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хэрхэн бий болгохын “тод үлгэр жишээ” болсон гэж Ши Жиньпин хэлжээ.


Хятад болон Африкийн орнуудын хооронд дипломат харилцаа тогтоож эхэлсний 65 жилийн ой энэ онд тохиож буй юм.


Ши Жиньпиний хэлсэнчлэн, өнгөрсөн 65 жилийн хугацаанд Хятад болон Африк нь империализм, колоничлолын эсрэг ахан дүүсийн бат бөх найрамдлыг бэхжүүлж, хөгжил дэвшил болоод сэргэн мандалтын аяны өвөрмөц хамтын ажиллагааны замыг хамтдаа нээжээ.


Тэрбээр хэлэхдээ “Бид адармаатай өөрчлөлтүүдийн явцад харилцан туслалцааны гайхамшигт хуудсыг нээж, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг бий болгохын  тод үлгэр жишээг үзүүлсэн” гэжээ.


Шинэ эриний Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахуй

Хятад улс болон Африк нь COVID-19 цар тахлын эсрэг тэмцэхэд эв санаагаараа нэгдмэл байж, практик хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ногоон хөгжлийг хөхиүлэн дэмжиж, эрх тэгш байдал бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлах хэрэгтэй гэж Ши Жиньпин хэлжээ.


Ши Жиньпин шинэ эринд Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулах талаар дөрвөн санал дэвшүүлсэн байна.


Нэгдүгээрт, COVID-19 цар тахлын эсрэг эв санаа нэгтэйгээр тэмцэж, Африкийн вакцины хэрэгцээг тэгш хүртээмжтэйгээр, боломжийн үнээр хангахын төлөө хамтран ажиллах нь зүйтэй гэж тэрбээр хэлжээ.


Хоёрдугаарт, практик хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, ядууралтай тэмцэх чиглэлээр туршлага солилцож, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэж Ши Жиньпин хэлжээ.


Гуравдугаарт, ногоон хөгжлийг хөхиүлэн дэмжих. Ногоон буюу нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг идэвхтэй нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн чадавхыг үргэлжлүүлэн бэхжүүлэх нь зүйтэй гэж тэрбээр хэлсэн байна.


Дөрөвдүгээрт, шударга ёс ба эрх тэгш байдлыг хангахын тулд хөгжиж буй орнуудын дэвшүүлсэн санал санаачилгуудыг хоёргүй сэтгэлээр дэмжиж, Хятад болон Африкийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлыг бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллах нь чухал болохыг тэрбээр цохон тэмдэглэжээ.


Африкт 1 тэрбум тун вакцин нэмж өгнө

Хятад улс Африкт COVID-19 вирусийн 1 тэрбум тун вакцин нэмж нийлүүлнэ гэж Ши Жиньпин амласан байна.


Түүний хэлснээр, энэхүү амлалт нь 2022 он гэхэд Африкийн хүн амын 60 хувийг вакцинжуулах зорилтоо хэрэгжүүлэхэд нь Африкийн Холбоонд туслах зорилготой.


Энэ нэмэлт 1 тэрбум тун вакцины  600 саяыг нь хандивлах бол 400 саяыг нь Хятадын компаниуд болон Африкийн холбогдох улс орнууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлэх ажээ.


Түүнчлэн Хятад улс Африкийн улс орнуудад эрүүл мэндийн 10 төсөл хэрэгжүүлж, 1500 эмнэлгийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг Африк руу илгээнэ гэж тэрбээр хэлсэн байна.


Ядуурлын эсрэг тэмцэл ба хөдөө аж ахуйн хөгжил

Хятад улс Африкт ядууралтай тэмцэх болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 10 төсөл хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын 500 мэргэжилтнээ Африк руу илгээнэ гэж Ши Жиньпин хэлжээ.


Мөн орчин үеийн хөдөө аж ахуйн техник технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд  Хятад-Африкийн хамтарсан олон тооны төвийг Хятадад байгуулах аж.


Түүнчлэн Африк тивд Хятад-Африкийн хөдөө аж ахуйн хөгжил болон ядуурлыг бууруулах жишиг тосгод байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хятад улсын аж ахуйн нэгж, компаниудыг хөхиүлэн дэмжих бөгөөд “Африк тив дэх Хятадын компаниудын нийгмийн үүрэг хариуцлагын холбоо”-ны санаачилсан “100 компани 1000 тосгонд” санаачилгыг дэмжин ажиллана гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ