Олимпын таеквондочид улсын аваргуудаа тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-23 12:42:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ Хандгайтын “Их тамир” төвийн Олимп спорт цогцолборт энэ сарын 21-22-нд боллоо.


Монголын таеквондогийн холбоо үүсгэн байгуулагдсан түүхт 30 жилийн ойн хүрээнд олимпын таеквондогийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 байгууллагын 512 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.


Энэ жил "Ковид-19" цар тахлын хөл хорионы улмаас төлөвлөгөөт тэмцээнүүд хуваарийн дагуу явагдаагүй ч Монголын таеквондогийн холбооноос цахим орчинд таеквондо пүмсэ буюу тоот дасгалын төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн болон БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээнээ амжилттай зохион байгуулсан.


Энэ удаагийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн нь тулааны төрлөөр зохион байгуулах энэ жилийн анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой боллоо.


Мөн энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь анх удаа мөнгөн шагналтай зохион байгуулж байгаа бөгөөд нийт шагналын сан 20 сая төгрөг байх юм. "Таеквондогийн УАШТ-2021" тэмцээнийг Богд банк, Redrock resort, EMart, MT групп компаниуд ивээн тэтгэв.



Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Намуун түрүүлснээр УАШТ-ээс ес дэх түрүүгээ хүртэж байгаа юм. Энэхүү амжилтаараа Б.Намуун УАШТ-ий шилдэг эмэгтэй тамирчнаар тодорчээ.

Холбоотой мэдээ