Японд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 8000 давжээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-01-10 09:43:47

ТОКИО. /NHK/. Японд ням гарагт коронавирусний халдварын 8249 тохиолдол илэрлээ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд мэдээлсэн нь долоо хоногийн өмнөхөөс 14 дахин өссөн үзүүлэлт болжээ.


Ингэснээр өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан мянга давсан байна. Мөн ням гарагт Осака мужид нэг хүн халдварын улмаас нас баржээ.


Баруун өмнөд нутгийн Окинава мужид ням гарагт 1533 тохиолдол шинээр илэрсэн нь мужийн хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт болсон байна. Тус мужид хамгийн өндөр үзүүлэлт /1759 тохиолдол/ өмнөх өдөр нь бүртгэгджээ.


Окинавагийн эрх баригчдын мэдээлснээр, муж дахь АНУ-ын цэргийн баазуудад ням гарагт халдварын 429 тохиолдол шинээр батлагдсан байна.


Мөн Токио хотын засаг захиргаа нийслэл хотод ням гарагт 1223 тохиолдол илэрснийг мэдээлжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 15 дахин өссөн үзүүлэлт болсноос гадна есдүгээр сараас хойш анх удаагаа 1000 давсан байна. 

Холбоотой мэдээ