С.Мөнх-Алдар: Менежмент бол асуудлаа шийдэх ухаан

УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2022-01-26 12:36:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдартай ярилцлаа.

 

        -УБТЗ 2022 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил” болгон зарлалаа. Менежментийн нэгдсэн тогтолцоо гээд ярихаар олон хүнд өөр өөрийн өнцгөөр бууж байгаа байх. Менежментийн нэгдсэн тогтолцоог яг юу гэж тодорхойлох, юуг хэлээд байгаа талаар энгийн, аль болох ойлгомжтой байхаар ярилцья. Тэгэхээр менежментийн нэгдсэн тогтолцоо гэж яг юуг хэлээд байгаа болон хэрхэн нэвтрүүлэх талаар тодорхой тайлбарлаж өгөөч?

        -Таны ярьж буй зөв л дөө. Буруутгах аргагүй. Менежмент гэдэг үгийг л гэхэд олон талаас тайлбарлаж болно. Эрдэмтэд судлаачид ч өөр өөрийн байр суурьнаас тайлбарласан байдаг. Ямар ч ажилд хамааруулж болно. Яагаад гэвэл үйлдэл, процесс, төлөвлөлт бүрт менежмент явж байдаг. Үүнийг бид зөв дараалалд байх ёстой субъектэд нь хэрэгжүүлчихвэл систем асуудалгүй ажиллана гэсэн үг. Яахав гол тодорхойлолт нь байгууллага дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд нөөц боломжоо үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж, шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл гэж тайлбарласан байдаг ч төмөр замчид бид менежмент гэдгийг асуудлаа шийдэх ухаан гэдгээр ойлгоход болно.

    Тэгэхдээ бид менежмент гэхээсээ илүү 2022 онд “УБТЗ” ХНН-ийн хэмжээнд дэвшүүлсэн зорилтын талаар бүхэлд нь авч үзэж ойлгох ёстой. Яагаад энэ жил ярих болов, гэнэт юу яриад байна, ямар судалгаанд үндэслэсэн юм бол, яагаад энэ жил зарласан бэ гэхчилэн олон асуулт төмөр замчдын маань толгойд эргэлдэж байгаа байх.

 

Их ажиллах биш ухаалаг ажиллах.

Мэдрэмжээрээ биш тогтолцоогоор удирдах ёстой.

 

Бид жил бүр аль нэг зүйлд чиглэсэн зорилго дэвшүүлдэг. Энгийн, их тодорхой. Гэвч энэ нь маш олон хэсгээс бүрдэх цогц зүйлийн ердөө нэг араа шүд л байсан. Хэдийгээр бид тухайн жилдээ төлөвлөсөн зорилтоо хэрэгжүүлээд тодорхой хэмжээгээр үр дүнд хүрдэг ч асуудлыг бүрэн шийддэггүй. Хоёр, гурван жил тун аятайхан явж байгаад бусад асуудлууддаа уусаад эргээд дарагдчихдаг. Яагаад гэхээр цогцоор нь хардаггүй  байсан явдал. Технологийг сайжруулах жил байлаа гэж төсөөлөхөд тэр жил зөвхөн технологийн зарим асуудлууд л сайжрахаас бэлтгэл, гүйцэтгэл, процессийн дараалал, хүний нөөц, удирдлага, чанар гээд бусад асуудлууд бүрэн уялдаж, шийдэгдэхгүй асуудал цөөнгүй байдаг. Ийм асуудал өнгөрсөнд ч байсан, одоо ч байна. Ерөөс сууриараа өөрчлөгдөөгүй. Харин ирээдүйд бид бага багаар ч хамаагүй системтэйгээр өөрчилж болно. Эдгээрийг л цогцоор нь харж зорилгодоо хүрэхийн тулд бүх боломж нөөцөө зөв хуваарилан зохион байгуулж шийдэх арга ухааныг менежментийн нэгдсэн тогтолцоо гээд байгаа юм. Бид гэнэт менежментийн нэгдсэн тогтолцоо гээд яриад байгаа юм биш. 2020 онд замын дарга байсан Д.Жигжиднямаа агсан шийдвэр гаргаад “Менежментийн нэгдсэн тогтолцоог УБТЗ-д хэрэгжүүлье. Ингэж байж бусад төмөр замуудтай нэг “хэлээр” ярина. Нэг ижил тогтолцоотой болно. Үйл ажиллагаа маань хэвийн үргэлжилнэ” гэдгийг хэлж, ярьж байсан юм. Ганц үйл ажиллагаагаар ч тогтохгүй. Техник, технологи, түүний нөөцийг бүрдүүлэх, гадны санхүүгийн эх үүсвэрүүдээс зээл, тусламж авахад “Танай эрсдэлийн зэрэг хэд вэ, олон улсын ямар стандартуудыг хангасан бэ? гэхээс “Танайх хэр том компани вэ, их мөнгөтэй юу гэж асуудаггүй. Дэлхий “Стандарт-Тогтолцоо” гэсэн нэг хэлээр ярьдаг болчихсон. Иймээс л олон улсын стандарт, менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлье гээд зориод буй. Ерөнхийдөө сүүлийн хоёр жил буюу 2020-2021 оны хугацаанд манай Техникийн бодлого стандартчиллын алба холбогдох чиглэлийн албадтай хамтраад Замын удирдлагуудтайгаа зөвлөлдөн бэлтгэлээ бүрэн хангачихлаа. Энэ бэлтгэл гээд байгаа маань УБТЗ-д хэрхэн нэвтрүүлэх вэ, стратегиа яаж хэрэгжүүлэх вэ, ямар бичиг баримт бидэнд хэрэгтэй вэ? гэхчилэн багц асуудлыг хэлж байгаа юм. Тийм учраас бид шууд менежмент гээд яриад эхэлж байгаа юм огтоос биш. УБТЗ-ын хэмжээнд хэрхэн нэвтрүүлэх талаар дотоодын мэргэжлийн 20 гаруй байгууллага, гадны найман байгууллагатай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, 70 орчим байгууллагын тогтолцоонд судалгаа хийж ажилласан. 2020, 2021 онд багагүй ажил амжуулж бэлтгэлээ хангасан учраас одоо хэрэгжүүлэлтийн үе шатыг УБТЗ-ын хэмжээнд зорилт болгон ажиллах  нь зүйтэй гэж үзэн баталсан.Бид хаана, хэрхэн хүрэхээ тодорхойлчихсон учраас ажил зохион байгуулалтад төвөг учрахгүй.

       2022 онд Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлээд л болчихно гэж ойлгож болохгүй. 2023, 2024 он гээд энэ тогтолцоог цааш үргэлжлүүлж байнга сайжруулсаар байх болно. Яг таг тогтчихдог эд биш. Тиймээс хэрэгжүүлж буй тогтолцоо зөв голдиролд орох нь хамгийн чухал. Коронавирусээс шалтгаалан бидний бүрэн төгс хэрэгжүүлж чадаагүй цөөнгүй доголдолтой асуудлууд ил болж эхэлсэн. Цар тахлын нөхцөлд яаж ажиллах вэ, тээвэр явахгүй бол яах вэ, өнөө тогтолцоо чинь юу билээ гээд асуудал ар араасаа гарч ирсээр л байгаа. Тэгээд түүнийгээ байнга журам эсвэл заавраар өөрчилнө. Тогтолцоо маань бүрэн тодорхой биш учраас л ингэж өөрчилдөг. Гэхдээ УБТЗ ХНН-ийг тогтолцоогүй, дүрэм журамгүй байгууллага гэж огт ойлгож болохгүй. Өөрийн гэсэн нарийн дүрэм, технологи, процессийн заавар хэрэгждэг өвөрмөц тогтолцоотой байгууллага. Чухамхүү байхгүйг нь бий болгож байгааг нь сайжруулахад л гол зорилго оршиж байгаа бөгөөд олон улсад батлагдсан менежментийн нэгдсэн тогтолцооны шаардлагын дагуу зөв тогтолцоог бий болгох юм.

 

Нарийн төвөгтэй асуудлыг

Энгийн тодорхой болгоно

 

Бид “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил”-ийн хүрээнд нийт 10 багц дэд тогтолцоо буюу стандартын тогтолцоог хэрэгжүүлнэ. ISO хэмээх 160 гаруй  орны гишүүнчлэлтэй, 300 гаруй техникийн хороогоор дамжуулан стандартыг боловсруулж, баталдаг олон улсын байгууллага байдаг. Нэг техникийн хороо гэхэд хамгийн багадаа 100-аад улс орны төлөөлөлтэй хуралдаж, олон улсын стандартыг баталдаг. Стандартыг шинэчлэх илүү боловсронгуй болгохын тулд дэлхийн улс орны төлөөллүүд өөрийн орны хууль эрх зүйн орчин, арга барил, онцлог зэргийг дэвшүүлж, тухайн батлах гэж буй стандарт тохирох эсэх, талаар хэлэлцдэг. Нэг стандартын төслийг хамгийн багадаа 3-5 жилийн хугацаанд боловсруулан хэлэлцэж баталдаг. Тиймээс стандартыг маш үр дүнтэй судалж байж тогтоодог гэсэн үг.  Олон улсын 40 мянга орчим стандартыг дэлхийн 198 гаруй орон дагаж мөрддөг. Харин Монгол Улсын хувьд 6800 орчим стандарт байдаг бөгөөд эдгээрийн 35 орчим хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн гэсэн мэдээлэл бий.  Одоогийн байдлаар Монгол Улсад Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн 90 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байна. Энэ нь, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компанийн тоотой харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Юуны түрүүнд олон улсын менежментийн тогтолцооны стандартын давуу талын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Хамгийн сайн тал нь гэвэл олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн компаниуд дэлхийн хэмжээнд буюу олон улсад үнэлэгдэх боломжтой болно. Тухайлбал, Монголын нэг компани энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлснээр дэлхийн аль ч улсын ижил түвшний үйл ажиллагаа явуулдаг компанитай эн зэрэгцэж өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энэ стандарт нь олон улсын зах зээлд хөрөнгө босгох, бизнесээ хөгжүүлэх давуу тал болдог. Монгол Улсаа хөгжүүлэх хамгийн зөв гарц нь экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал гэж эдийн засагчид үздэг. Тийм ч учраас Засгийн газрын түвшинд “боомтын сэргэлт” хэмээн ярьж эхэлсэн. Гэхдээ үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд олон улсад мөрддөг “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001 стандартыг хангахад чиглэсэн  үйл ажиллагааг явуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргах гэж байгаа манай дотоодын компаниуд олон улсын энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр бидний дэлхийд гарах үүд хаалга нээгдэх болно.

 

-Олон улсын түвшинд хүрэх, хөрш орнуудтай тээврийн үйл ажиллагааны харилцаанд оролцох зэрэгт ямар ач холбогдолтой вэ. Монгол Улсад энэ нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлсэн байгууллагууд хэр байгаа бол. Магадгүй манай УБТЗ ХНН гэсэн их айлын цаашдын өрсөлдөх чадварт үлэмж нөлөөлөл үзүүлэх байх л даа? 

 

-Монгол Улсын томоохон компани болох “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 1990 оноос Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн түүхтэй. Үйлдвэрлэлийг удирдах систем, Чанарын удирдлагыг нэвтрүүлэх ажил нь “Эрдэнэт” үйлдвэр дээр төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд “Бүтээгдэхүүний чанарын удирдлагын комплекс систем“ нэртэй байгууллагын СТП-001:84 стандартыг удирдлага болгон ажиллаж байсан бөгөөд 2004 онд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, гэрчилгээжиж байсан. “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” гэх мэт байгууллагад мөн адил чанарын тогтолцоо нэвтэрсэн бөгөөд сая шинээр байгуулагдсан “Зүүнбаян төмөр зам” ХХК нь 2021 онд менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж эхлээд байна. Иймд бидэнд тогтолцоогоо төгөлдөржүүлэх,  менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа юм.

 

Асуудал шийдэх гээд байгаа арга зам нь

Өөрөө асуудал болж болохгүй

 

-Манай алба хэлтэс, салбар нэгжүүд Замын даргын тушаалаар батлагдан гарсан “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-ны баримт бичгүүдийг шат шатандаа маш сайн судласан байх ёстой. Энэ баримт бичигт менежментийн нэгдсэн тогтолцоог  хэрхэн нэвтрүүлэх, ямар шаардлага тавих, яаж хэрэгжүүлэх гээд бүхий л зүйлийг тусгаж өгсөн байгаа юм. Мэргэжлийн байгууллагаас бүрдсэн хамтарсан баг багаараа зангилаа бүрт очиж ажиллана. Бүх бичиг баримтаа тайлбарлаад заавар, зөвлөгөө, үүрэг, даалгаваруудаа өгөөд явчихна. Бид даргалах, цэрэглэх тогтолцоо биш чанарыг хэрхэн удирдах тогтолцоог л нэвтрүүлэх гэж буй мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Аливаа ажил 20 минут үргэлжлэх ёстой бол 20 минут л ажиллана. Тухайн ажилд нэг хүн хяналт тавих ёстой бол тогтолцоонд заасан тэр хүн л хяналт тавина. Түүнээс нэг хүн дээр 10 хүн хяналт тавиад байж болохгүй. Эсвэл дөрвөн өөр чиглэлийн ажилд нэг хүн хяналт тавиад байж болохгүй. Тухайлбал би таниас асууя л даа, та байгууллагадаа яг ямар үүрэг оролцоотой оролцдог юм. Миний харж байгаагаар ярилцлага авахаас эхлүүлээд тодорхой шат дамжлагуудыг дамжсаар хамгийн сүүлд эцсийн хэрэглэгч-уншигч олон нийтэд хүрдэг. Энэ бүтэн тойрог танай сайтын хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний тогтолцоо байхгүй юу. Тэгвэл та энэ тогтолцооны хаана нь ямар үүрэг гүйцэтгэж байна, хэн таныг хянадаг, таны гүйцэтгэл ийм байх шаардлагатай гэх мэтчилэн хэм хэмжээг тогтоож өгсөн баримт бичгийг л тогтолцооны стандарт гээд байгаа юм. Гэхдээ цаг үеэ, техник технологийн хөгжлөө дагаад стандарт хэм хэмжээ үргэлж өөрчлөгдөж байдаг. Нэг жишээ хэлье. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны менежментийн систем 18001 гэж бий. Өнөөдөр цаг үеэ дагаад 45001 гээд өөрчлөгдчихсөн. Стандарт гэдэг чинь бүрмөсөн тогтоогоод өгчихөж байгаа зүйл биш. Энд нэг ийм асуудал тулгардаг. Нөгөө бидний боловсруулаад аж ахуйн нэгж, байгууллагууддаа тараагаад өгчихсөн стандартуудыг хэрэгжүүлээд явж байтал хооронд нь хэрхэн уялдуулах, яаж нэгдмэл удирдлагаар хангах юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Чухам эндээс л тогтолцоо гэсэн ойлголт гарч ирж байгаа юм. УБТЗ чанарын удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны тогтолцооны стандарт гэх мэтээр 10-ыг сонгож аваад нэг зэрэг гараанаас гаргаж хэрэгжүүлье гэж зорьсон. Гэтэл энэ бүх салангид тогтолцоог нэгдсэн удирдлагаар удирдах ёстой юм байна. Ингээд менежментийн нэгдсэн тогтолцоо гэсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ том байгууллагыг нэг зургаар харахгүй бол болохгүй. Нэгийг нь түлхүү хэрэгжүүлбэл бусад нь доголдоно. Бүгдийг нь зэрэг авч явж байж бид олон улсад өрсөлдөх чадвартай төмөр зам болж хөгжинө.

 

       -Менежментийн нэгдсэн тогтолцоо гэхээрээ харилцан бие биенээ дэмжиж байж нэг үр дүнд хүрэх явдал. УБТЗ-д 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүн дотроо хөдөлгөөний, хөдөлгөөний бус гээд хуваачихдаг. Яах вэ, хөдөлгөөний байгууллагууд харьцангуй бие биенээ дэмжсэн үйл ажиллагаатай харагддаг. Гэтэл нийгмийн салбар бие биенээ дэмжих бололцоо харьцангуй бага шүү дээ. Энэ салбарт менежментийн нэгдсэн тогтолцоо хэрхэн хэрэгжих бол. Та юу гэж харж байна?

 

       -Таны хүссэнээр би их энгийн ойлгомжтой байлгах үүднээс стандартад заасан албан тодорхойлолтоос  арай энгийнээр тайлбарлаад байгааг ойлгоорой гэж хүсье. Бид нэгдсэн тогтолцоогоо боловсруулахдаа аль ч салбар, чиглэлээр стратегийн бүрэн зураглал гаргачихсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Үндсэн үйлдвэрлэлтэйгээ нийгмийн салбарынхан яаж уялдах юм, үндсэн үйлдвэрлэл нь санхүү, тооцоотойгоо хэрхэн холбогдох юм гэдгийг удирдлагын тогтолцоогоор хангана.  Бүгд тусдаа нэг нэг араа гэж бодоё л доо. Гол хөдөлгөгч хүч нь чанарыг хэрхэн удирдах удирдлагын тогтолцоо. Нийгмийн чиглэлийн байгууллагууд болох эмнэлэг, хүнс, тээвэр гээд энэ бүх араанууд зөв эргэж байж асуудал тодорхой байна. Хамгийн чухал нь манай алба энэ олон аж ахуйн нэгж, байгууллагуудын стандартыг дунд нь зангидаж өгөх үүрэгтэй. Ингэснээр асуудал нэг сувгаар гарч нэг үр дүнд хүрнэ. Алба, аж ахуйн нэгж бүр өөр өөр юм ярьдаг байж болохгүй гэсэн санаа. УБТЗ-ын хувьд олон улсын стандартуудыг түрүүлж нэвтрүүлээд эхэлсэн газрууд бий л дээ. Зорчигчийн вагон депо, Олон улсын тээвэр зуучийн төв, Зүүнхараа дах Ачааны вагон засварын депо гээд нэрлээд байвал хэд хэд байна. Харамсалтай нь, УБТЗ өөрөө энэ тогтолцоонд ороогүй, нэвтрүүлээгүй учраас механизм бүрэн гүйцэд ажиллаж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, саяын дурдсан энэ хэдэн аж ахуйн нэгж маань байгууллага дотроо л эргэлдээд байгаа гэхэд болно. Жижиг араанууд нь том араатайгаа нийлж эргэж чадахгүй байна. Аж ахуйн нэгжүүд нь хэдий зөв тогтолцоо хэрэгжүүлсэн ч УБТЗ бүхэлдээ энэ тогтолцоонд шилжээгүй учраас хүндрэлтэй асуудал үүсдэг.

 

Удирдлагын дэмжлэг байхгүй бол

энэ ажил цаас л болно.

 

-Менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ гэдэг маань угаас босоо болон хэвтээ удирдлагатай байхгүй бол болохгүй. Эсвэл хосолсон байх хэрэгтэй. Зарим газраа босоо, зарим газраа хэвтээ гэх маягаар уян хатан нөхцөлтэй байж болох юм. Орчин цагийн менежментээр дэлхий нийт хоорондоо ярьдаг, хэм хэмжээгээ шаардлагаа болгож тавьдаг болчихсон. Үүгээр худалдаа, тээвэр, ложистикийн систем бүгд хийгдэж байхад манайх ганцаараа өөр удирдлагаар өөр тогтолцоогоор чанараа удирддаг гээд зогсож байж болохгүй л дээ. Одоо хар л даа, хөрш улс стандарт шаардлагаа тавиад хил хаагдахад л тээвэр зогсонги байдалд орж байгаа биз. Тэгэхээр яах ёстой вэ. Эрээн боомт өнөөдөр нэг үгээр хаалгаа бариад нөгөө л стандарт, хэм хэмжээгээ хангасан уу л гэж асууж байна. Цар тахал эрсдэлийн үед яаж ажиллах юм бэ, юу чинь болохгүй байна вэ гэдгийг их тодорхой харууллаа. Тийм тусгай төхөөрөмжтэй байх ёстой юм байна. Ийм технологитой байх юм байна. Үүнийг олж хараад бага багаар шийдээд явж байх бүтэн тогтолцоо хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо, бид. Нэмээд хэлэхэд, УБТЗ-ын удирдлагууд харьцангуй уян хатан байх болно. Чанарт чиглэсэн тогтолцоотой байя гэвэл үүнийг л хэрэгжүүлнэ. Менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд нэг хэцүү асуудал гардаг л даа. Ямар ч гоё сайхан бодлого гаргаж ирээд удирдлага дэмжихгүй л бол хэрэгжих хэцүү. Удирдлагын дэмжлэгтэй, дээр нь менежментийн тогтолцоогоо сайн төлөвлөчихсөн бол маш хурдан хэрэгжиж эхэлдэг. УБТЗ-ын хувьд Замын удирдлага энэ асуудлыг зорилт болгохыг дэмжсэн учраас менежментийн нэгдсэн тогтолцоо бүрэн нэвтрэх боломжтой гэж үзэж байгаа. 

 

        -Та түрүүн дурдаад өнгөрлөө. Өмнө нь, бид асуудлыг нэг нэгээр нь сугалж аваад сайжруулдаг байсан. Тэр нь тухайн жилдээ сайжирч байгаа юм шиг харагддаг хэрнээ эргээд хоёроос гурван жилийн дараа бусад асуудалдаа дарагдаад нэг ижил төвшинд хүрчихдэг гэж. Менежментийн нэгдсэн тогтолцоогоо нэвтрүүлчихлээ гэхэд эргээд арчилж тордож байх ёстой юм байна. Жишээ нь, техник, технологийн шинэчлэл хийлээ гэхэд түүндээ тааруулаад стандартуудаа, менежментийн тогтолцоогоо сайжруулаад яваад байх нь зөв юм байна. Тийм үү?

 

       -Яг зөв. Миний хэлье гэсэн санаа утгатай тохирч байна. Баярлалаа. Мэдээж, хэрэгжүүллээ гээд орхичихгүй. Замын хэмжээнд олон улсын шинжилгээний аргад өргөн хэрэглэж буй дөрвөөс таван шинжилгээний аргыг авч хэрэглэе гээд байгаа юм. Жишээлбэл, PDCA буюу Демингийн мөчлөг.Төлөвлө, хий, шалга, сайжруул. Ерөөсөө л энэ. Нэвтрүүлчихлээ гээд орхичихгүй байнгын сайжруулах шаардлагатай. Шинэ техник ороод ирлээ гэхэд түүндээ тохируулаад шинэчилчихнэ. Ийм байдлаар явах ёстой. Олон улсын төмөр замын холбоо эдгээр стандартуудыг бүгдийг төмөр зам руу чиглүүлчихсэн. 9001 гэдэг нь чанарын удирдлагын тогтолцооны стандартыг төмөр замын байгууллагад хэрхэн нэвтрүүлэх талаарх шаардлагад зарим тодорхойлолтуудыг засаж оруулаад стандарт болгон олон улсад гаргачихсан байх жишээтэй. Энэ нь ч бидэнд илүү дөхөм. Энэ стандартуудыг бид авч хэрэгжүүлнэ. Дээр нь, үндэсний стандарт болгохоор хэд хэдэн олон улсын стандарт орчуулаад Стандарт, хэмжил зүйн газарт хүлээлгэж өгсөн. Батлагдаад гараад ирвэл мэргэжлийн хүн уншихад илүү ойлгомжтой, хялбар болоод ирнэ.

 

Үр дүн бий болгохын тулд

Эрсдэлд суурилсан сэтгэлгээ чухал

 

Дээр нь, бид мөн 2019 оноос эхлэн ажиллаж байгаа эрсдлийн менежментийн тогтолцоог бий болгох бөгөөд энэ нь заавал хэрэгжүүлэх ёстой тогтолцооны нэг. Гэхдээ би арай өөр өнцгөөс тайлбарлая. Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, галт тэрэгний аюулгүй байдал гээд бүх зүйл дээр үнэлгээ хийж чаддаг. Гэхдээ эдгээр эрсдлээ үнэлээд хамгийн эрсдэлтэй цэгүүдээ бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, цаашдаа эрсдэлд суурилсан үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай. Хөрөнгө оруулалтаа бид эрсдэлээ тооцоолон хийснээр жил бүр эрсдэлийн үзүүлэлт буурна. Энэ чинээгээрээ манай суурь бүтэц, техник тоног төхөөрөмж бэхжинэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаа оновчтой хийнэ гэсэн үг. 10 төгрөг олоод 10 байгууллагад нэг нэгээр нь өгөх биш. Хамгийн эрсдэлтэй нь хаана байгаа юм тэр цэгтээ зарцуулаад явах юм. Ингэж бага багаар чадавхиа дээшлүүлж, эрсдэлээ бууруулснаар хөрөнгө оруулалтын өгөөжийг төмөр замчид хүртэх нь зөв гэж үздэг.


                                                                            Ярилцсан Б.Мөрөн

 

 

 

 

Холбоотой мэдээ