Ерөнхий сайдын ажлын айлчлалын үр дүн юу байв

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-02-09 11:42:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.                                     

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпын наадмын нээлтэд Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн оролцсон нь мөнхийн хөрш хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны эерэг байр суурийг харуулсан явдал гэж үзэж болох юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Олимп бол улс төрөөс ангид байх ёстой, Бээжингийн олимпын нээлтэд миний бие оролцох болно” гэж бусад улс орнуудаас түрүүнд шахам мэдэгдэж байсан. Тухайн үед үүнийг Хятадын хэвлэлүүд болон Хятадын Гадаад Хэргийн яам, бусад байгууллагууд нэлээд таатай хүлээж авч, онцлон мэдээлж байлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийсэн бөгөөд энэ нь түүний хувьд тус улсад хийж буй анхны айлчлал. Өнгөрсөн онд Ерөнхий сайд нар хоёр ч удаа цахим уулзалт хийж, улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцон Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан юм. Ерөнхийдөө энэ удаагийн албан ёсны уулзалтаар санал солилцсон асуудлуудыг дээрх цахим уулзалтын үеэр урьдач болгон ярилцсан байсан юм.




Хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалт хэд хэдэн салбарт нэлээд ач холбогдолтой боллоо. Тухайлбал хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслүүдийн талаар санал солилцож, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай яриа өрнүүлсэн. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллах, автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах гэх мэт олон асуудлаар хамтран ажиллахаар болсон.


Уулзалтын хамгийн их анхаарал татсан гол чухал хэсэг нь Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлсэн, хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдсэн явдал юм.

Дээрх боомтууд болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулах нь Монгол Улсын хувьд хүлээгдэж буй том ажил. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болох юм.


-“Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцлаа.


-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов.


-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцлөө.


-Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.


-Цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.


-Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Ковид-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтойг илэрхийллээ.


Урд хөршийн хувьд ойжуулалт, цөлжилттэй тэмцэх тал дээр өндөр туршлагатай учир хоёр улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд хамтран ажиллана гэж байгаа нь мөн ихээхэн ач холбогдол дагуулах юм. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийн харилцан зорчих болон тус улсад суралцаж буй Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ БНХАУ-д суралцах тэтгэлгийг нэмэгдүүлэхээ Хятадын тал илэрхийлсэн. БНХАУ-д манай улсын 10 мянга гаруй оюутан суралцдаг юм.


Талуудын хамтарсан мэдэгдэлд, Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэжээ.  Энэ нь хоёр орны харилцаа нэлээд өндөр түвшинд байгааг илэрхийлж байгаа явдал. 

 



2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар тэд санал солилцсон.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар яригдсан хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүд, тухайлбал Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулахыг хүссэн юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын шинэ Засгийн газрын дэвшүүлж буй төсөл, хөтөлбөрүүд бодит ажил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно гэсэн.  Мөн хоёр улсын харилцааг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны болон язгуур эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэж байв.


Манай хоёр улс эдийн засгийн хувьд бие биенээ нөхсөн бүтэцтэй, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай учир энэхүү биечилсэн уулзалт өндөр ач холбогдолтой явдал боллоо гэдгийг ажиглагч, судлаачид үзэж байна. Том эдийн засагтай урд хөрштэйгөө харилцан ойлголцож, хамтран ажиллах боломжтой салбаруудад өөрийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх нь манай улсад сайн талтай. Сүүлийн үед Монгол, Хятадын гадаад худалдаан дахь хамтын ажиллагаа ч өсөн нэмэгдэж байгаа билээ.

























Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.


Мөн тэрбээр Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,  Монгол Улс бол НҮБ-ын чухал түнш гэдгийг онцлоод Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмрийг ч онцлон үнэллээ. Түүнчлэн НҮБ-ын зүгээс Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.


Эцэст нь хэлэхэд энэ айлчлал бол Монгол Улсын нийгэм эдийн засагт нөлөө үзүүлэхүйц олон асуудлыг нааштайгаар шийдсэн, ач холбогдол өндөртэй ихээхэн онцлог айлчлал болсон гэж дүгнэж болно. 



Холбоотой мэдээ