Согтууруулах ундаа 7 төрлийн хорт хавдар үүсгэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-07-24 11:37:41

ВАШИНГТОН. /VOA/. Согтууруулах ундаа долоон төрлийн хорт хавдартай холбоотой болохыг шинэ судалгаа харууллаа.

Шинэ Зеландын Отага их сургууийн судлаачид “Addiction” сэтгүүлд “согтууруулах ундаа нь мөгөөрсөн хоолой, төвөнх, улаан хоолой, элэг, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний болон хөхний хорт хавдар үүсгэгдэг” гэж бичжээ.

Согтууруулах ундаа болон хорт хавдар хоорондоо холбоотой болохыг олон судалгаагаар тогтоосон байдаг боловч энэ удаагийн судалгаанд “согтууруулах ундаа нь хорт хавдартай учир шалтгааны холбоотой” гэжээ. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа нь хорт хавдар үүсэхэд “шууд” нөлөөлдөг байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Дэлхийн хорт хадвар судлалын сан, Америкийн хорт хавдар судлалын хүрээлэн болон Олон улсын хорт хадвар судлалын агентлаг зэрэг томоохон байгууллагуудтай хамтран уг судалгааг явуулж, мэдээлэл цуглуулжээ.

Согтууруулах ундаа их хэрэглэдэг хүмүүс архинаас үүдэлтэйгээр хорт хавдар тусах эрсдэл хамгийн өндөр байна.

Уг судалгааны тайлангаас үзвэл, 2012 онд л гэхэд хорт хавдраар нас барсан нийт хүмүүсийн 5.8 хувь нь согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг байжээ.

“Дарсыг тохируулан хэрэглэх нь зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тустай гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэвч энэ нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах тийм ч зохистой арга биш болохыг судалгаагаар тогтоолоо” гэж Их Британийн Хорт хавдар судлалын төвийн судлаач Жана Витт хэллээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ