ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: ОУВС: Банкны шинэчлэлийн хүрээнд хөрөнгийн чанарын судалгааг хийх нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-08 19:03:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Эдийн засгийн форум-2022”-ын хэлэлцүүлэг, үйл ажиллагаанд ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юнь Согхён оролцлоо. Түүнтэй Монгол Улсын банк, санхүүгийн салбарын байдал, эдийн засагт үзүүлж буй нөлөөлийн талаар уулзаж тодруулав.

-Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс эдийн засгаа сайжруулж, хөрөнгө оруулалт татах, хөрөнгө-санхүү, орлогын хуримтлал бий болгоход юунд анхаарч ажиллахаар байгаа талаар та саналаа хэлнэ үү?

-Юуны өмнө Засгийн газрын авч хэрэгжүүлсэн оновчтой шийдлүүдийн ачаар Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг намжааж чадсаныг хэлэх хэрэгтэй. Гэтэл ОХУ, Украйны хямрал Монголын эдийн засагт дахин нэг хүнд сорилтыг авчирлаа. Монгол Улсын энэ оны эхний 2 сарын төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 50 хувиар илүү байлаа. Хэдий цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн хязгаарлалт зэрэг хүчин зүйлтэй тулгарч байсан ч, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсын төсвийн орлого өндөр байв.

БНХАУ-ын хил хаагдсан байдал шийдвэрлэгдмэгц олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улс өнөөгийн валютын нөөцтэй холбоотой зарим хүндрэлээ шийдвэрлэх боломжтой.

Монголбанкны гадаад валютын нөөц жилийн өмнө нь 4.9 тэрбум ам.доллар байсан бол одоогийн байдлаар 3.3 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Энэ нь нэг жилийн дотор Монголбанк валютын нөөцийнхөө гуравны 1-ийг гадаад валютын зах зээлийг тогтворжуулахад зарцуулсан үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр, энэ арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлийг сааруулахад зайлшгүй авах арга хэмжээ байсан.




Миний бодлоор Монголбанк гадаад валютын зах зээл дэх оролцоогоо хязгаарлах хэрэгтэй. Мөн Төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, валютын зах зээл дээр валютын урсгал орж ирэх үед болж өгвөл валют худалдан авч нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Монголбанк өнөөгийн нөөцөөрөө Монгол Улсын 3 сарын импортын хэрэглээг хангаж чадна. Гэсэн ч Монгол Улс бол экспорт болон уул, уурхайгаасаа хамааралтай улс. Экспортын хэмжээ болон дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үнэ савлах нь Монголын эдийн засагт шууд нөлөөлдөг.

Эцэст нь, валютын ханшийг уян хатан байлгах хэрэгтэй. Валютын ханш уян хатан байх нь дотоодын эдийн засгийг гадны гэнэтийн нөлөөллөөс үзүүлэх сөрөг үр дагаваруудыг багасгадаг.

-Монголбанкнаас эдийн засгийг тэтгэх зорилгоор бизнесийн салбарт репо санхүүжилт өгч буйг та юу гэж үзэж байна вэ?

-Арван их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд, Засгийн газар Монголбанкаар дамжуулан репо санхүүлжилтыг ЖДҮ эрхлэгчдэд олгож эхэлсэн. Эдийн засгийн хүнд нөхцөлд урт хугацааны репо санхүүжилтыг бий болгох нь зайлшгүй авах арга хэмжээ. Гэхдээ үр дүн нь Монгол Улсын мөнгөний бодлогын механизмаас шалтгаалан хангалттай сайн үр дүнтэй биш гэж үзэж байна.

-Банкны шинэчлэлтэй холбоотой 2 зүйл танаас асууя. Нэгд, ОУВС-гаас банкны шинэчлэл дээр шаардлага нөхцөл тавьж байгаа. Манай арилжааны банкууд үүнийг хэр биелүүлж байна вэ? Хоёрт, банкны шинэчлэл хийснээр ер нь ямар үр дүн гардаг вэ? Та ач холбогдлыг дурдана уу?

-Эдийн засгийн өнөөгийн түвшний хэмжээнээсээ нэг шат урагшлахад банкны салбарын шинэчлэл маш чухал ач холбогдолтой. Банкны салбарын реформын гол зорилго нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах болон ил тод байдлыг хангах явдал юм. Тиймээс ОУВС-ийн зүгээс Монголбанкны дунд хугацааны банкны салбарын шинэчлэлийн реформын стратегийг дэмжиж байна.




Монголбанкны зүгээс дэвшүүлсэн уг стратегийн хүрээнд банкуудад энэ оны 6 дугаар сард багтан хөрөнгийн зах зээлд гарч IPO хийх, мөн 2023 оны сүүлээс өмнө хувьцаа эзэмшигчдийнхээ төвлөрлийг бууруулах шаардлага тулгарч байгаа. Хугацааны хувьд энэ стратегийг харьцангуй давчуу хугацаатай гэж үзэж байгаа. Учир нь бид цар тахлын нөхцөл байдал арилжааны банкуудын тайлан тэнцэлд хэрхэн нөлөөлснийг тооцох хэрэгтэй.

Тиймээс арилжааны банкуудыг IPO хийхээс өмнө хөрөнгийн чанарын судалгаанд хамруулах нь зүйтэй гэж ОУВС үзэж байгаа. Монголбанкны стратегийн дагуу IPO хийх хугацаа хүртэл ердөө л 2 сар үлдсэн хэдий ч уг судалгаа огт хийгдээгүй байна. Тиймээс бид Монголбанканд энэ хугацааг хойшлуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг танилцуулсан.

 

Холбоотой мэдээ