Флоридад нутгийн шумуулнаас "зика"-гийн халдвар авсан байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-08-01 13:11:57

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Флорида муж улсад “зика” вирусийн халдвар “нутгийн шумуул”-аар дамжсан анхны тохиолдлууд бүртгэгджээ.

Эрүүл мэндийн албаны хүмүүсийн хэлснээр, “зика”-гийн халдвар тархсан улс орон руу яваагүй, халдвар авсан хүнтэй бэлгийн харилцаанд ороогүй гурван эрэгтэй болон нэг эмэгтэй хүн уг вирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тиймээс энэ хүмүүст  “нутгийн шумуул”-аар “зика” дамжсан гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийхэд хүрсэн байна.

Харин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн бүсийн шумуулнаас уг вирус хараахан илрээгүй байгаа аж. Гэхдээ эрүүл мэндийн албаны хүмүүс халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байна. Зуны амралтын улирал эхлээд байгаа энэ үед Флоридад “зика”-гийн халдвар авсан тохиолдлууд бүртгэгдлээ. Тус муж улсад жил бүрийн энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс олон жуулчин очдог аж.

“Зика” вирус нь 2015 оны хавар Бразилд тархаж эхэлсэн билээ. Энэ вирус нь өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамждаг.

Насанд хүрсэн хүн уг вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

Энэ вирусийн халдвар авсан тохиолдол одоогоор Төв болон Өмнөд Америкийн голдуу 67 улсад бүртгэгдээд байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ