Израил, Швейцар, Австрид сармагчны цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгджээ

ДЭЛХИЙД | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2022-05-23 16:19:24

ЛОНДОН. /BBC/. Израил, Швейцар, Австрид сармагчны цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдсэнээр халдвар илэрсэн улс орнуудын тоо 15-д хүрчээ.


Израил, Швейцарт илэрсэн тохиолдлуудын хувьд саяхан хилийн чанадаас ирсэн тус бүр нэг хүнээс халдвар илэрсэн бөгөөд Израилд бусад сэжигтэй тохиолдлуудыг судалж байна.


Сармагчны цэцэг нь хүмүүс хооронд амархан тархдаггүй бөгөөд ихэвчлэн хөнгөн өвчилдөг байна. Уг вирус нь Төв, Баруун Африкийн алслагдмал хэсэгт түгээмэл бүртгэгддэг аж.


Одоогоор Европын орнууд, АНУ, Канад, Австралид 80 гаруй тохиолдол бүртгэгджээ. Халдвар ийнхүү тархаж байгаа нь эрдэмтэн судлаачдыг гайхшруулж байгаа ч олон нийтэд учруулах эрсдэлийг нь бага гэж үзэж байна.


Их Британийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг байна. Вирус Их Британид анх илэрснээсээ хойш Испани, Португал, Герман, Бельги, Франц, Нидерланд, Итали, Швед зэрэг Европын олон оронд тохиолдлууд нь батлагдаад байгаа юм.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний бусад сэжигтэй тохиолдлуудыг тодорхой улс орны нэрийг дурдахгүйгээр үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд цаашид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж магадгүй болохыг анхааруулаад байна.


Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг өнөөдрийн байдлаар 20 тохиолдлыг илрүүлээд байгаа бөгөөд тус байгууллагын доктор Сузан Хопкинс “BBC” телевизийн “Sunday Morning” хөтөлбөрт, “өдөр тутам тохиолдлууд нэмж бүртгэгдэж байгааг” мэдээлжээ.


Түүний хэлснээр, өвчин эндемик болсон Баруун Африкт очиж байсан хэн нэгэнтэй ойр байгаагүй хүмүүсээс халдвар илэрч байгаа нь вирус олон нийтийн дунд тархаж байгааг харуулж байна. Гэхдээ одоогоор илэрсэн тохиолдлууд хотын зарим бүсэд, мөн ижил хүйстэн, бисексуал эрчүүдийн дунд голчлон бүртгэгдэж байгаа тул нийт хүн амд учрах эрсдэл “маш бага” байна гэж тэрбээр ярьжээ.


Хэдийгээр сармагчны цэцэг өвчний тусгай вакцин байхгүй ч зарим орон цэцэг өвчний вакциныг нөөцөлж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Учир нь энэ хоёр вирус хоорондоо нэлээд төстэй учир цэцэг өвчний вакцин нь сармагчны цэцгээр халдварлахаас 85 орчим хувиар урьдчилан сэргийлдэг байна.


Өнгөрсөн баасан гарагт ДЭМБ сармагчны цэцэг өвчний тохиолдлууд эндемик бус орнуудад бүртгэгдсэн нь ердийн бус үзэгдэл болохыг мэдэгджээ. Одоогоор энэ гэнэтийн дэгдэлтийн шалтгаан нь тодорхойгүй байна. Вирус зарим нэг талаараа өөрчлөгдсөн байж магадгүй гэх таамаглал байгаа ч одоогоор шинэ хувилбар гэж үзэх нотолгоо бага байна.


ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга Ханс Клюге зуны улиралд хүмүүс баяр наадам, үдэшлэгт оролцон олноороо цугларах үеэр “халдварын тархалт эрчимжиж” болзошгүйг анхааруулжээ. Европт илэрсэн тохиолдлуудаас гадна Австралид Их Британид зорчсон нэгэн хүн халдвар авсан нь батлагдсан байна.


Хойд Америкийн хувьд саяхан Канад руу аялсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар АНУ-ын Массачусетс муж улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлаг мөн Квебек мужид хоёр тохиолдол илэрсэн гэж мэдээлсэн ч Америкийн аялагч Монреаль хотод ирэхээсээ өмнө юм уу дараа халдвар авсан эсэх нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ