Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-01 06:51:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав.


Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурдав.


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад  айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцав.


Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон юм.

Холбоотой мэдээ