СЭЛЭНГЭ: Сүхбаатар сум 85 жилийн ойн үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-02 13:49:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Монголчуудын хувьд 7-р сар наадмын сар. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа монгол түмэн маань аймаг, сумаараа дэнж хотойтол өргөн дэлгэр наадаж байна.

Монгол Улсын дархан хилийн харуул хот болсон Сүхбаатар хотын иргэд Ардын хувьсгалын 100, 101, Сүхбаатар хотын 85 жилийн ойн үндэсний их баяр наадмаа 7-р сарын 1-ний өдөр өргөн дэлгэр тэмдэглэлээ. Сүхбаатар хот анх Монгол Улсын гадаад худалдааны төв болон хөгжиж, Монгол Улсын усан тээврийн анхны хуудсыг 1929 онд тавьж байсан түүхэн онцлогтой сум.

Тус сумаас дэлхий, олимпийн дэвжээнээс алдар суугаа дуурсгасан олимп, дэлхийн хүрэл медальт алдарт бөх Д.Оюунболд,  Монгол Улсын гавьяат тамирчин, улсынхаа их баяр наадамд 6 удаа түрүүлсэн домогт харваач Ч.Мөнхцэцэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Баярцогт, мото спортын алдарт тамирчин Э.Халиунболд, авто рали уралдааны домогт тамирчин Д.Батсайхан, чөлөөт бөхийн нэрт тамирчин С.Батсүх, Монгол Улсын гавьяат агрономч Ч.Аюур, аж үлйдвэрийн гавьяат ажилтан С.Гэрэл, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, гавьяат тамирчин Ш.Эрдэнэбилэг, Үндэсний сурын улсын мэргэн Б.Уушаан, Монгол Улсын манлай уяач Б.Эрдэнэгэрэл, аймгийн хурц арслан Ж.Ганзориг нарын алдартнууд төрөн гарчээ.  

Ардын хувьсгалын 100, 101, Сүхбаатар хотын 85 жилийн ойн үндэсний их баяр наадмыг нээж, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаярсгалан, Засаг дарга Т.Пүрэвсүрэн нар мэндчилгээ дэвшүүлснээр наадмын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Сүхбаатар сумын хувьд аймгийн төвийн сум гэдэг утгаар наадмаа тэр бүр бие даан зохион байгуулж байгаагүй юм. Энэ удаа албан ёсоор ийн анхны наадмаа амжилттай, зохион байгуулалтын өндөр түвшинд хийлээ.


Морь цоллоочдынхоо залгамж халааг бэлтгэж байна

Энэхүү наадамд хүчит 64 бөх барилдсанаас Мандал сумын харъяат, Таванхан дэвжээний бөх аймгийн заан Э.Бат-Эрдэнэ, Баруунбүрэн сумын харъяат, Таван хан дэвжээний бөх, сумын заан А.Амархүү нар үзүүр түрүүнд тунан барилдаж, сумын заан А.Амархүү түрүүлж, аймгийн заан Э.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Энэ удаагийн наадмын барилдааныг аймаг, сумын цолтой 64 бөх, мөн сумын цолтой болон цолгүй залуу 64 бөхийн барилдаан, өсвөрийн залуу бөхчүүд гэсэн гурван ангиллаар зохион байгуулсан нь онцлог байв.

Наадамд 6 насны морьд уралдаж, шандас хүчээ сорьсон. Ингээд азарга насны уралдаанд Зүүнбүрэн сумын С.Жаргалтулгын халзан, Сүхбаатар сумын М.Сайнбуянгийн хээр, Цагааннуур сумын Г.Оюунболдын хээр халзан, М.Зоригтбаатар, Дулаанхааны И.Баярсайханы хул хурдалж унасан хүүхэд, уясан эзэн наадамчин олноо баясгалаа.

Их насны морьдын уралдаанд Зүүнбүрэн сумын Х.Жавхлангийн хүрэн түрүүлж, С.Сүхбатын бор үзүүлэлээ. Айргийн тавд Г.Чулуунхүүгийн загал, Д.Онон халтар, М.Эрдэнэ-Очирын бор халзан давхилаа. Харин соёолон насны морьдын уралдаанд Б.Гантулгын сартай хүрэн түрүүлж, аман хүзүүнд Д.Жагардоржийн саарал, М.Мөнх-Оргилын хүрэн, О.Өсөхбаярын сарт хүрэн, А.Гэрэлтулууны халтар удааллаа. Хязаалан насны морьдын уралдаанд Б.Гантулгын хээр, О.Нямсайханы зээрд, Н.Энхсайханы зээрд, Б.Түүхбаатарын сартай хул, С.Наранцогтын хүрэн хурдлав.

Мөн уралдааны шүдлэн насанд Д.Баярсайханы хүрэн, Б.Гантулгын халтар, Дарханболдын хүрэн халзан, О.Нямсайханы сарт, Сант сумын М.Энхбатын шарга, хурдаллаа. Наадмын хамгийн хөөрхөн уралдаан бол бяцхан дааганы уралдаан байдаг. Ингээд Ганбаатарын хүрэн халзан, Н.Мөнх-Эрдэнийн үрээ, С.Хүрэлбатын алаг, Д.Гантулгын хүрэн, Т.Энхтөрийн хүрэн халзан дааганууд хурдалж, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

Сүхбаатар сумын наадмын бас нэгэн онцлог бол хурдан морь цоллоочдынхоо залгамж халааг бэлтгэх, залуу цоллоочдоо дэмжих, алдаршуулах, нийтэд таниулах зорилгоор энэ удаагийн наадмаас эхлэн залуу цоллоочдыг оролцуулж байгаа нь сайшаалтай байв. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн сурагч, өсвөрийн морь цоллоочдын Улсын уралдааны 3-р байрын шагналт Э.Өсөх-Ирээдүй хурдан буянуудынхаа алтан жолоог өргөн, мялаалгыг нь дуудлаа. Мөн түрүүлж, айрагдсан морьдын бай шагналыг аймгийн алдарт болон сумын алдарт уяачдын гэр бүлээс ивээн тэтгэж явуулсан нь хурдан буянуудынхаа хишгийг түмэн олондоо хүртээж буйн нэгэн илрэл болов.

Наамдын талбайг бүрхэн, хуран чуулсан олныхоо нүдийг хужирласан нэгэн уралдаан бол жороо морьд байдаг. Жороо морьдын уралдаанд Зүүнбүрэн сумын Гүндалайн хүрэн, Алтанбулаг сумын Х.Ганболдын халтар, Зүүнбүрэн сумын Дагвадоржийн хүрэн, Сүхбаатар сумын Т.Энхтөрийн хүрэн халзан, Сүхбаатар сумын Төмөрцоожийн хүрэн морьд уралдлаа. Ингээд аймгийн алдарт уяач Х.Ганболдын халтар түрүүлж, сумын алдарт уяач Т.Энхтөрийн халзан, сумын алдарт уяач М.Эрдэнэ-Очирын бор тус тус удаалж, жороо сайхан алхаагаараа үзэгч түмнээ баясгалаа.

Мөн үндэснийхээ дээл хувцсаар гоёж, ганган хэрэглэлтэй хос мориор гангарсан хосын шагналыг Сүхбаатар сумын иргэн Э.Аззаяа, түүний гэргий Э.Банзрагчгарав нар хүртлээ.  


Баянгол сумын өсвөрийн харваачдын цэц мэргэ Сүхбаатар сумын наадмыг өнгөлөв

Үндэсний сурын харваанд нийт 80-аад харваач оролцож цэц мэргээ сорив. Ингээд эрэгтэй харваачдаас Ховд аймгийн харьяат, спортын мастер М.Гансүмбэр 40 онооноос 36 оноогоор тэргүүн байрт, Баян-Өлгий аймгийн харьяат, спортын мастер Б.Мөнхзул 34 оноогоор дэд байр, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, ХЦ-ийн 0101-р ангийн харваач, аймгийн мэргэн П.Чулуун-Эрдэнэ, Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ерөө өртөөний харваач Ч.Баттогтох, Хүдэр сумын харьяат хаваач А.Наранхүү нар удааллаа.    

Эмэгтэй харваачдаас тэргүүн байрт Хэнтий аймгийн харьяат, аймгийн гоц харваач Г.Булган, дэд байрт Дархан-Уул аймгийн харъяат, 1-р зэргийн харваач Ж.Мөнхзаяа, гутгаар байрт Говь-Алтай аймгийн харъяат, аймгийн гарамгай мэргэн Л.Даваасүрэн, удаах байруудад Сүхбаатар сумын харъяат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн харваач, аймгийн мэргэн Х.Жаргал, Хөвсгөл аймгийн уугуул, аймгийн мэргэн Г.Ундармаа нар цэц мэргэнээ гайхууллаа.   

Өсвөрийн харваачдаас тэргүүн байрт Баянгол сумын өсвөрийн харваач Л.Анударь, дэд байрт мөн сумын өсвөрийн харваач Б.Ариунсанаа, гутгаар байрт Баянгол сумын Э.Бат-Эрдэнэ, удаах байруудад Баянгол сумын өсвөрийн харваач Э.Мишээл, Мандал сумын өсвөрийн харваач О.Анужин нар шалгарч цэц мэргэнээ гайхууллаа. Өсвөрийн харваачдын наадамд Баянгол сумын өсвөрийн харваачдын цэц мэргэ ончтой байж, Сүхбаатар сумын наадмыг өнгөлөв.  

Наадмын үеэр ажил үйлсээрээ манлайлсан иргэдээ шагнаж урамшуулах үйл ажиллагаа болсон. Тухайлбал Завхан аймгийн Отгон сумын уугуул аймгийн арслан Н.Авидсүрэн, аймгийн хурц арслан Б.Бямбаа, Сэлэнгэ аймгийн наадамд 6 түрүүлсэн домогт хурц арслан Ж.Сундуй, аймгийн начин Д.Далантай, зохиолч, яруу найрагч МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Доржсүрэн нарыг Сүхбаатар хотын "Хүндэт иргэн" цол тэмдгээр шагналаа. Мөн олон тэргүүний хүмүүс, хамт олныг Сүхбаатар сумын ИТХ-ын  шагнал болон сумын Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа.


  

 

 

Холбоотой мэдээ