Энэтхэгт 70 жилийн дараа үчимбэр дахин нутагшуулна

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-21 13:22:31

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт 1952 онд албан ёсоор устаж үгүй болсон гэж зарласнаас хойш 70 жилийн дараа үчимбэр буюу улаан ирвэсийг дахин нутагшуулахаар болжээ.


Ирэх наймдугаар сард найман үчимбэрийг дэлхийн зэрлэг муурын төрөл зүйлүүд нутагладаг хамгийн том орнуудын нэг болох Намибигаас Энэтхэгт авчрахаар болсныг тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.   


Энэтхэгт нийт 5.6 мянган хавтгай дөрвөлжин километр талбай бүхий гурван дархан цаазат газарт үчимбэр нутагшуулах аж. Эдгээр газрын нэг нь Ражахстан мужийн хойд нутагт байдаг бол төв Мадхья-Прадеш мужид хоёр нөөц газарт амьтдыг дахин нутагшуулахаар сонгосон байна.


Дэлхийн хуурай газрын хамгийн хурдан амьтан гэгддэг энэхүү амьтан цагт 113 км хурдалж чаддаг.

2008 онд НҮБ-аас үчимбэрийг ховордсон амьтдын жагсаалтад оруулсан бөгөөд одоо дэлхий даяар ердөө 7 мянга орчим л онгон байгальд үлдсэний ихэнх нь Өмнөд Африк, Намиби, Ботсванад нутаглаж байна.

Холбоотой мэдээ