СЭЛЭНГЭ: Нүдний нарийн мэргэжлийн эмч нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-21 22:13:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/-ийн Нүдний нарийн мэргэжлийн эмч нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тус эмнэлэг нь Канад улсад төвтэй “Laurel Surgical Foundation” төслийг 2015 оноос хойш Монгол Улсад амжилттай нэвтрүүлж монгол орны зарим аймгуудад жилд хоёр удаа нүдний нарийн мэргэжлийн эмчийн төлөвлөгөөт үзлэг явуулах мөн нүдний бичил мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад хамтарч ажиллаж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дээрх төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж уг төслийн удирдагч, Нүд судлал, харааны шинжлэх ухааны тэнхимийн профессор Хью Парсонс, УНТЭ-ийн Нүд судлал, Мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор Б.Төмөрбаатар нарыг аймагтаа урьж, аймгийн Засаг даргатай хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэснээр дээрх нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг ирэх 9 дүгээр сард Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж нүдний болор солих болон нөхөн сэргээх мэс засал зэргийг үнэ төлбөргүй хийхээр болсон байгаа. Эл хамтран ажиллах гэрээний дагуу аймгийн хэмжээнд нүдний болор солиулах болон нөхөн сэргээх мэс засалд орох шаардлагатай өвчтөн, үйлчлүүлэгсэдийг эрэмбэлэн ангилах. Мөн өвчлөлийн нарийвчилсан судалгаа гаргахаар УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор Б.Төмөрбаатараар ахлуулсан эмч нарын баг Сэлэнгэ аймагт энэ сарын 20-24-ний өдрүүдэд хуваарийн дагуу ажиллаж байгаа аж. Нарийн мэргэжлийн эмч нарын баг эхний өдрийн үзлэгээ аймгийн төв Сүхбаатар сумаас эхэлсэн байна. Харин дараагийн үзлэгээ алслагдсан сум сууринд хүрч үйлчлэхээр зохион байгуулсан талаар аймгийн ЭМГ-аас мэдээлж байна. Үзлэгийн хуваарийг урьдчилан гаргасан байгаа учраас иргэд хуваарийн дагуу үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг  тус газрын зүгээс анхаарууллаа. Дашрамд дуулгахад дээрх үзлэгийн баг Мандал бүс болон Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан тосгонд ажиллахгүй юм байна. Учир нь Мандал бүсийн буюу Баянгол, Мандал, Хэрх, Түнхэл тосгоны ард иргэд Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Нүдний нарийн мэргэжлийн эмчид хандан үзүүлж, орон нутагтаа оношоо тодруулах юм байна. Харин Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан тосгонд ирэх 9 дүгээр сард үзлэгийн баг ажиллаж зорилтот иргэдээ эрэмбэлэх тул иргэд хүлээцтэй байж, хуваарьт үзлэгтээ хамрагдахыг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа.   

Холбоотой мэдээ