“Нэг Хятад” бодлогыг тууштай баримтлахыг уриалжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-18 15:53:23

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ түүхээс сургамж авч, Хятад-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийг хүндэтгэн, “Нэг Хятад” бодлогыг тууштай баримтлахыг АНУ-д лхагва гарагт уриалжээ.


Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятад-АНУ-ын харилцаанд амин чухал гурван хамтарсан мэдэгдлийн нэг болох Наймдугаар сарын 17-ны мэдэгдлийн 40 жилийн ойтой холбогдуулан үг хэлэхийг хүсэхэд ийнхүү хариулсан байна.


АНУ-ын Засгийн газар 1982 онд Наймдугаар сарын 17-ны мэдэгдлийг гаргахдаа Тайваньд зэвсэг худалдах урт хугацааны бодлого явуулахыг эрмэлзэхгүй, Тайваньд нийлүүлсэн зэвсгийн хэмжээ нь чанарын болон тоон үзүүлэлтээс хэтэрч болохгүй гэдгийг тэмдэглэжээ.


Энэхүү баримт бичиг, Шанхайн мэдэгдэл, мөн Хятад-АНУ дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл нь Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн үндэс суурь бөгөөд тэдгээрийн гол мөн чанар нь “Нэг Хятад” зарчим юм гэж В.Вэньбинь хэлсэн байна.


Гэвч АНУ Тайваньтай албан ёсны харилцаандаа тавьсан хязгаарлалтуудаа сулруулж, тус бүс нутагтай цэргийн харилцаа холбоогоо нэмэгдүүлж байгааг тэрбээр дурдаад, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлал нь Тайваньтай зөвхөн албан бус харилцааг хөгжүүлнэ гэсэн амлалтаа зөрчсөн үйлдэл болсон гэв.


“Нэг Хятад” зарчмыг баримтлах нь Хятад, Америкийн харилцаа, хоолойн тогтвортой байдлын баталгаа юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ