Израилын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-04 11:43:01

ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилын Төв банк инфляцыг тогтоон барихын тулд даваа гарагт бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж, 2.75 хувьд хүргэжээ.


Тус улсад жилийн инфляц наймдугаар сард 4.6 хувьтай байсан нь долоодугаар сард сүүлийн 14 жилийн хамгийн өндөр түвшинд /5.2/ хүрсэнтэй харьцуулахад буурсан боловч Засгийн газрын зорилтот түвшнээс /1-3/ өндөр хэвээр байгаа юм.


Төв банк энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш бодлогын хүүгээ тав дахь удаагаа дараалан өсгөж байгаа нь энэ бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр энэ удаагийнхтай адил 75 суурь нэгжээр өсгөжээ.


Ингэснээр бодлогын хүү 2012 оны нэгдүгээр сард мөн 2.75 хувьд хүргэж байснаас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг тус банкны мэдээлэл харуулж байна. Мөнгөний бодлогын хороо инфляцыг зорилтот 1-3 хувьд хүргэж бууруулахын тулд бодлогын хүүг чангаруулж байгааг Израилын банкны тэргүүн Амир Ярон мэдэгджээ.


Урьдчилсан төсөөллөөр, Израилын эдийн засаг энэ онд 6 хувиар, ирэх онд 3 хувиар өсөх төлөвтэй байна. Инфляцын хувьд энэ онд 4.6 хувьтай байх хандлагатай байгаа бол 2023 онд 2.5 хувьд хүрч буурна гэж таамаглаж байна. Төв банкны эдийн засагчдын урьдчилсан тооцоогоор, ирэх оны гуравдугаар улиралд бодлогын хүү 3.5 хувьтай байх магадлалтай байна. 

Холбоотой мэдээ